Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны нэгдүгээр сарын 23-27-нд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 140 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 35 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 774 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
Яллагдагч “О” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан хэрэг.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаар.
Увс аймгийн нийтийн албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон тухай хэрэг.
Нийтийн албан тушаалтан “Б” нь Хөгжлийн банканд 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон, Хэнтий аймгийн Норовлин сумын удирдах албан тушаалтан “У” нь албан тушаалаа ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн зэрэг хэргийг шүүхэд шилжүүлэх аж. Мөн
Дорнод аймгийн Хэрлэн сумын удирдах албан тушаалтан “Т” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь дээрмийн хэрэгт шалгахаар авчирсан иргэний толгой руу цохиж, улмаар хохирогч амь насаа алдсан гэх;
“Ч” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
“Б” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх;
“М” нь Орхон аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсноо мэдээллээ.