Вакцинд үл итгэгчдийн балаг тасрахгүй нь

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 52 секунд

Дэлхий дахинд улаанбурхан өвчний тархалт эрчээ авч байна. Манай улс ч тархалтыг тогтоож дийлэхгүй байгаа юм. 2002-2003 онд манай улсад уг өвчний тархалт өндөр байсныг эрүүл мэндийн яамны эмч мэргэжилтнүүд онцолж буй. 2002 онд л гэхэд тархалтанд 14-16 насныхан өртөж байсан бол энэ удаагийн тархалт бага насны дунд илүүтэй тархаж байна. Иймд сүргийн дархлаа чухал гэдгийг эмч нар хэлж байгаа билээ. Сүргийн дархлаа гэдэг нь хөтөлбөр тооцооллоор хүн амын 95 хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулсан байхыг хэлдэг. Манай улс 1973 оноос эхлэн иргэдээ улаанбурхны вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Тухайн үед зөвхөн нэг тунгаар дархлаажуулдаг байснаас үүдэн тархалт төдийлэн буурахгүй байсан байна. Иймд хоёр тунгаар дархлаажуулах бодлого барьж иржээ. Өдгөө улаанбурхан өвчний тархалт 11 мянга гаруй тохиолдол болсон талаар өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлэлд тэмдэглэсэн байна. Мөн тус эмнэлэгт 600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж буй аж. Бид тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан 4 настай Н-ийн ээж Мөнхшүртэй уулзсан юм. Тэрбээр “Хүмүүс вакцины талаар элдэв янзын мэдээлэл хэлдэг болохоор би вакцинд итгэдэггүй. Тиймээс хүүхдээ дархлаажуулалтад хамруулаагүй. Манай хүүхдийн хувьд нэлээд хүнд туслаа. Вакцины талаарх сөрөг мэдээлэл бусад хүмүүст хор хөнөөлтэй байдаг юм байна. Би үүнээс хойш хүүхдээ бүх товлолын вакцинд нь хамруулж байя гэж боддог болсон” хэмээн ярилаа.

Мөн 5 настай Э, 4 настай Т нарын ээж Хишигт “Үнэнийг хэлэхэд манайх хүүхдүүдээ товлолын вакцинд хамруулаагүй ээ. Вакцин хортой гэсэн мэдээлэл сонссоноос хойш айдаг болсон. Тэгээд л хүүхдүүддээ вакцин хийлгээгүй. Энэ байдалдаа би үнэхээр их харамсаж байна. Бага охин маань улаанбурхнаар өвчилснөөс хойш байнга цочиж сэрээд тайван биш болсон. Эхэндээ би вирусийн ханиад хүрч л гэж бодсон. Гэтэл бүх биеэр нь улаан гүвдрүү туураад ирсэн. Тэр үед л улаанбурхан тусаж гэдгийг мэдсэн. Нүүр нь цэлхийж улайгаад амьсгалын аппараттай арай ядан амьсгалж байгаа охиноо хараад их л халаглаж суулаа” гэж ярьсан юм. Мөн дугаар хорооны иргэн 2 настай И ч мөн товлолын вакцинуудаасаа хоцорчээ. Өрхийн эмнэлгээс түүний ээж рүү хэд дахин ярьсан ч вакцин хийлгэхээр очоогүй талаар хариуцсан өрхийн эмч нь хэлж байлаа. Вакцин үл итгэж хүүхдээ товлолын дархлаажуулалтаас хоцроосон хүмүүст хариуцлага тооцдог болмоор байна. Ийм механизм манай улсад дутагдаж байгаа нь цаашид тархах олон халдварт өвчний өмнө өвдөг сөхрөх нөхцөлийг бий болгож буй нь харамсалтай.

Э.Амаржаргал: “Хаалганаас хаалганд” аяны хүрээнд намар гэхэд тархалтыг бууруулна

Бид мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Халдварын эсрэг хяналтын албаны тархвар судлаач эмч Э.Амаржаргалаас улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Танай дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний тархалт ямар хэмжээнд байна вэ. Халдварыг хазаарлах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Сургуулиуд хичээллэж байхад 10-14 насныхны дунд улаанбурхан өвчний дэгдэлт өндөр бүртгэгдэж байсан. Сургууль амарснаас хойш бага насны хүүхдүүд илүү өвчилж байна. Тодруулбал, вакцинд хамрагдах нас болоогүй хэдхэн сартай хүүхдүүд түлхүү өвдөж байна гэж хэлэхэд болно. Ер нь вакцинд хамрагдах хугацаа болоогүй хүүхдүүдийн дунд тархалт элбэг тохиолдож байна. Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1300 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 10 мянган хүн тутмын 27 нь улаанбурхан өвчнөөр өвчилж байна гэсэн үг.

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой хаалганаас хаалганд аян өрнүүлж байгаа. Энэ аяны хүрээнд манай дүүргийнхэн вакцинжуулалтын эрчимжүүлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон явуулын вакцинаторууд ажиллаж байна.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нас баралт бүртгэгдсэн үү?

-Манай дүүргийн хэмжээнд хоёр хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барсан. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдал хүүхдийн өвчнийг хүндрүүлж, оройтсон хойно нь эмнэлэг ханддаг. Нас барсан нэг хүүхдийн аав ээж л гэхэд хүүхдээ зугаалганд авч яваад гурав хоног өндөр халуурсны дараа эмнэлэгт үзүүлж байх жишээтэй. Ийм байдлаас болоод хүүхэд хүндэрч амь насаа алдахад хүрч байна.

-Биднийг бага байхад улаанбурхны халдвар бас гарч байсан. Тухайн үед хөнгөн тусаж байсан шиг л санагддаг юм. Гэтэл одоогийн улаанбурхан өвчний тархалт хүндрэл ихтэй байна гэж эмч нар хэлээд байгаа. Өвчний шинж тэмдэг ямар байдлаар илэрдэг вэ?

-Олон жилийн өмнө хөнгөн хэлбэрээр тархдаг байсан байж болно. Одоогийн тархалт бол хүүхэд халдвар авсан л бол хүндрэх гээд байгаа. Анхаарахгүй байвал бүр аюултай. Хоёр хоног халуураад уушгины хатгаа болж хүндрээд амьсгалын дутагдалд оруулж байна. Голдуу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хүндэрч ирж байгаа нь ажиглагддаг. Улаанбурхан өвчний нууц үе 14-21 хоног үргэлжилдэг тиймээс хүүхдээ халуурч эхэлвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Улаанбурхан, улаанууд гахайн хавдар өвчний вакциныг есөн сартай болон хоёр настайд товлолын дагуу хийдэг шүү дээ. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүдээ хамруулахгүй хойрго хандсанаас болж тархалж өндөр байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Улаанбурхны вакциныг хоёр тунг авчихсан хүүхэд барагтай бол өвдөхгүй даваад гарна даа. Ковидын вакцинаас болоод хүмүүсийн дархлаалжуулалтад итгэх итгэл суларсан байж болно. Гэхдээ товлолын вакцинд хүүхдээ заавал хамруулах хэрэгтэй. Ингэснээр олон өвчний тархалтаас хүүхдээ хамгаалж чадна. Ер нь бол нэг, хоёрдугаар тунг товлолын дагуу хийлгэсэн бол багадаа 10 жилийн дархлаа тогтоно. Одоо хийж байгаа улаанбурхны вакцин хамгийн чанартай нь гэж хэлж болно.

-Улаанбурхны вакцинд хүүхдүүдийг идэвхтэй хамруулах, урьдчилан сэргийлэх мэдээллийг та бүхэн иргэдэд хүртээмжтэй хүргэж чадаж байгаа юу?

-Эрүүл мэндийн яам эмнэлгүүд хамтраад “Хаалганаас хаалганд” аян өрнүүлж байна. Үүний хүрээнд вакцинжуулалтыг эрчимжүүлж намар гэхэд тархалтыг бууруулах зорилго тавьсан. Намар гэхэд тархалтыг хазаарлаж чадвал сургууль, цэцэрлэгүүд цуглахад айх аюулгүй болно.

Вакцинд үл итгэгчдийн балгаас болж өдгөө улс орон даяар улаанбурхны халдварт нэрвэгдээд байна. Уг өвчний вакцинд хамрагдаагүй 50 орчим мянган хүүхэд байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Ирэх намар гэхэд иргэдийг бүрэн вакцинд хамруулах зорилт таввсан хэдий ч зарим иргэдийн хэнэггүй байдал хүүхдийнхээ эрүүл мэндэд эрсдэл учруулсаар байгаа юм. Иймд иргэн бүхэн эрүүл мэндийн мэдлэгтэй байж, сэргэн тархаж буй элдэв халдварт өвчнөөс ирээдүй хойя үеэ хамгаалахад хувь нэмрээ оруулмаар байна.

Б.Гандолгор

Англи хэлтэй цагдаа хөтөч нар ажиллана
Англи хэлтэй цагдаа хөтөч нар ажиллана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.