Хүн төвгүй хөгжлийн алдаа иргэдийн эрхийг бооомилсоор

Огноо
Унших
17 минут 50 секунд

Улаанбаатар хотыхны хувьд зах зээлийн сонголт гэдэг үг нэгэнт “булшлагджээ”. Учир нь хотын удирдлагуудын хоруу чанар өндөртэй түлшний шахаанд иргэд сөхөрч байна. Түлшийг зах зээлийн зарчмаар олон сонголтоор авах эрх олгоогүй. Тендер нь нээлттэй явагдаагүй түлшийг хүчээр түлүүлэх шахалт үзүүлсэн гээд хүний эрхийн зөрчилтэй алхам тутамд тулгарсаар. Үүний гороор иргэд угаарын хийнд хордож, амиа алдах тохиолдол буурахгүй байгаа нь гашуун үнэн. Угаарын хийн хордлогын талаарх мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс байнга мэдээлж байгаа ч тоо баримт нь эргэлзээ төрүүлдэг. Энэ оны 11 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд 112 хүн угаарын хийнд хордлоо, 2025 он гарсаар 110 хүн угаарын хийнд хордож нас барлаа гэсэн мэдээллийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан тухай Хүний эрхийн үндэсний комисс зарласан. Зөвхөн хотын захиргаанаас олгосон түлшийг хэрэглэх ёстой гэсэн шахалт нь жирийн иргэдэд үнэндээ дарамт болж байна. Нөгөөтэйгүүр үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч хамгаалах нь байтугай хордуулж устгах төлөвлөгөө хэрэгжиж байна.

Хүний эрхийн активист Ц.Оюунгэрэл утаа гамшгийн байдалд хүрсэн ч хэн ч ач холбогдол өгөхгүй байгаа нь эрх мэдэлтнүүдийн бизнес л тэр гэж тодотгов. Тэрбээр “Манай улс пиролизийн үйлдвэр барих боломжтой байсан. Хэдэн жилийн өмнө япончуудаар судалгаа хийлгэсэн. Тэд ч энэ зөвлөгөөг дахин дахин өгсөн” гэлээ. Гэвч өнөөх пиролизийн үйлдвэр сураг тасарч нүүрсний баялаг нөөцтэй Монгол Улс урд хөршөөс нүүрсээ зөөж түлэхээр болсон нь зууны тэнэглэл болж тэмдэглэн үлдэхээр үйл явдал аж. Хагас коксон шахмал түлшний тендер зарлахдаа хятадын компанийг шалгаруулсны ард авлига байж болзошгүй хэмээн олон нийт сэрдэж буй. Сонгон шалгаруулалтын тендэрийг зарласан хэдий ч оролцсон байгууллагуудын нэр ил тод бус зөвхөн хамгийн сайн саналыг ирүүлсэн гэх үндэслэлээр Их баритани болон Хятадын хамтарсан компанийг шалгаруулж нэг өвөл 226.2 тэрбум төгрөгөөр гаднаас нүүрс авчирч түлүүлж буй хамгийн оновчгүй шийдэл юм. Уг нь бол манай улс хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх пиролизийн үйлдвэр байгуулах санааг өнөөх алдарт мега төслүүдийнхээ тоонд багтаасан аж. Тодруулбал, Багануурыг түшиглэн 2024-2028 он гэхэд жилд гурван сая тонн хөх нүүрс боловсруулах үйлдвэр байгуулна хэмээн төлөвлөсөн ч өдгөө ердөө цаасан дээр дуншиж байна. Уг үйлдвэрийн тендэрт мөн л Хятадын “Сэдин инжинеринг монголиа” гэх компани шалгарчээ. Ийн манай улсын ажил урагшлахаасаа илүү ухрах нь олон болчихоод иргэдийн итгэл ч унтарлаа.

Өвлийн цаг уур төстэй, хүн ам ойролцоо хотуудын туршлагаас суралцаасай

Дэлхийн хамгийн муу засаглалтай хотыг манай Улаанбаатар тэргүүлбэл гайхах хэрэггүй биз. Утаа, түгжрэл, дэд бүтэц гээд бүхий л зүйл нь стандартад нийцээгүй. Нөгөөтэйгүүр хот төлөвлөлт нь буруу гольдирол руу хазайчихсан энэ хотыг засаж залруулахад ихээхэн хугацаа шаардах нь дамжиггүй. Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2016 онд баталж байсан ч хэрэгжилт нь хангалтгүй дөнгөж 26 хувьтай байсныг мэргэжилтнүүд олонтаа ярьсан. Сүр дуулиантай томоохон бичиг баримт баталж гаргадаг ч хэрэгжүүлдэггүй цаасан дээр нь архивлаж үлдээдгийн горыг өнөөдөр бүх нийтээрээ л амсаж байна. Гэтэл дэлхийн хотууд тийм биш аж. Улаанбаатар хоттой ойролцоо хүн амтай, цаг уурын хувьд ч адил төстэй Казахстаны Астана хот л гэхэд 2030 он хүртэл хөгжлийн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Казахстаны Астана хот нь 1,2 сая хүн амтай, өвөлдөө -35 градус хүртэл хүйтэрдэг бөгөөд агаарын бохирдлыг үе шаттайгаар бодит ажил болгон хэрэгжүүлж буй юм. Тодруулбал, 2020 оноос халаалтын системээ хийн бойлер, төвлөрсөн дулаан руу шилжүүлж, 2024 онд 12000 өрхийг хийн халаалттай болгожээ. Энэхүү шилжилтийн үр дүнд үнс, агаар дахь тоосонцор РМ, хүхэрлэг болон азотын давхар ислийг өвлийн улиралд 50 хувиар бууруулах боломж бүрдсэн гэж тус улсын бизнес академи нэртэй судалгааны байгууллагаас гаргасан судалгаанд дурьджээ. Астана хот цаашдын хөгжлийн стратегидаа уур амьсгалын нөхцөлд тохирсон орон сууц барих, дэд бүтэц байгуулах талаар тусгаж хувийн хэвшлийнхэнд уриалаад байгаа аж. Мөн оршин суугчдын эрүүл мэнд, агаар орчны чанарыг сайжруулах үйлдвэрлэлийн бохирдол болон түлшний хортой хэрэглээг үе шаттайгаар бууруулах нь хотын бодлогын нэг хэсэг байна гэж энэхүү хөгжлийг стратегидаа тусгажээ.

Түүнчлэн хөрш зэргэлдээ Хөх хотын тухайд ч агаар орчны бохирдлоо шийдэх гарц гаргалгаагаа тодорхой болгожээ. Хятадын “China daily” сайтад Өвөрмонголын Хөх хотын агаарын бохирдлоо шийдэж буй арга замын талаар ийн бичжээ. Хөх хотын хувьд сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа. Өдгөө 3.6 сая гаруй хүн оршиж сууж буйг онцолжээ. Хөх хот өвөлдөө мөн л -25 градус хүртэл хүйтэрч, агаарын бохирдол асуудал үүсгэх болжээ. Тус хотын захиргаа 2020 оноос нүүрсэн халаалтын аргаас цэвэр эрчим хүч рүү шилжих компанит ажлыг өрнүүлж 68 мянган өрхийг эхний ээлжинд дэд бүтцэд холбосон байна. Үүний үр дүнд хөнгөн хортой бичил тоосонцор болон бусад бохирдуулагч үнэмлэхүй буурсан гэсэн судалгаа гарчээ. Хөх хот 60 гаруй цэгт буюу хотын бүх бүст агаарын чанарын “grid based” мониторинг мэдрэгчийн систем байршуулж байнга хянадаг болсон байна. Мөн Финляндын Хельсинки хот л гэхэд ил тод төлөвлөлт дата мэдээллээ нээлттэй болгож, иргэдээс байнга санал авах дижитал платформ хөгжүүлдгээрээ бусад газруудаас ялгардаг байна. Хөгжлөөрөө түүчээлж буй Токио хот агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг 500 иргэн, 80 бизнесийн байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран боловсруулжээ. Харин Сөүл хотын хувьд айл бүрийн цахилгаан халаалт, цахилгаан машин, нийтийн тээвэрт суух зэрэг зан үйлийн өөрчлөлтөд урамшуулал олгож, оноо өгдөг систем нэвтрүүлсэн байна. Энэ мэт дэлхийгээр дүүрэн сайн туршлага бий.

Олон намын тогтолцоот засаглал бий болгоё

Дэлхийн хотууд ийн хөгжлийн бодлогоо тодорхой гаргаж, бодит ажил хэрэг өрнүүлж байхад манайхан мөнөөх л утаагаа ярьсаар дараагийн зуунтай золгож мэдэхээр байна. Улаанбаатар хотын гэр хорооллын 176 мянган өрх галлаж утаа үүсгэж буйг нийслэлийн эрх мэдэл бүхий мэргэжилтнүүд хэлсээр л суугаа. Гэвч дорвитой арга хэмжээ авсангүй. Хоног өдрийг аргацаан өнгөрүүлж, түр зуур гал унтраах арга хэрэглэсээр удлаа. Нэг түлшийг нөгөөгөөр, нэг зуухыг нөгөөгөөр солих ядмаг арга хэрэглэж иргэдийн амь насыг золиосолсоор байгаа нь халагламаар. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг буюу “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”- дөө оновчтой тодорхой гаргалгаатай тусгасан зүйл харагдсангүй. Тус хөгжлийн бодлогод агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллыг хуучны хэв маягийг хадгалсан орон сууц байдлаар буюу гэр сууцан хороолол болгон тохижуулж, дэд бүтцэд холбоно, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэснээс өөр тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, эдийн засгийн бодит тооцоолол байхгүй, арга аргачлал нь бүрхэг байгаа нь дараагийн 10 жилд ч утаанаас сална гэсэн найдвар төрөхгүй байна.

Түүнчлэн МАН 2020-2024 оны хөгжлийн гэрээ “намын мөрийн хөтөлбөр” -нд “Орлогод нийцсэн орон сууцтай Улаанбаатар” гэсэн хэсэг бий. Өмчилсөн газартаа цэвэр бохироо шийдсэн айл өрхүүдийг дэмжиж ногоон хувийн орон сууц төсөлд хамруулна. Гэр хороололд инженерийн дэд бүтэц бүхий сервес центрийг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлнэ гэж тусгасан боловч хэдхэн хүний эрх ашгаас болоод хэрэгжсэнгүй.

Хоосон амлалт популист попролын горыг жирийн иргэд яс махандаа шингэтэл ухаарч байна. Сүүлийн үед нийлүүлж буй хагас коксон шахмал түлш ч эрүүл мэнд стандартад нийцсэн гэдэг нь эргэлзээтэй. Хэдийгээр Хими, хими технологийн хүрээлэнгийн лабораториар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнд элементын найрлагагүй гэж тогтоосон ч иргэн О.Отгонбаяр хэлэхдээ “Хүмүүс өмхий үнэртэж байна, нойргүй хонолоо гэж яриад байгаа нь үнэний ортой. Нүүрс бол бохирдуулагч хатуулаг, пирит буюу төмөр хүхэр хоёрын нэгдэлийн найрлагатай байдаг. Нүүрстөрөгч нь агаартай урвалд орж СО2 үүснэ. Гэхдээ би өөр зүйл хэлье. Төмөр хүхэр хоёрын нэгдэл нь хүчилтөрөгчтэй исэлдэж, устөрөгтэй урвалд ороод SO2+3H2=H2S буюу газ үүсгэж өмхий үнэртдэг. Тэгэхээр би агаарт газ үүсээд өмхий үнэр гарч, иргэдийг тодорхой хэмжээгээр хямрааж байна гэж хэлэх гээд байгаа юм” гэлээ. Ийм байдлаар бид өдөр тутамдаа утааны шинэ сорилтой тулгарч эрүүл мэндээрээ хохирсоор байна. Эрүүл мэнд гэснээс утаанаас үүдэлтэй уушгины шинэ төрлийн хавдар монголчуудаас илэрснийг өнгөрсөн жил Хавдар судлалын үндэсний төвийн дарга асан Н.Эрдэнэхүү мэдээлсэн. Зөвхөн уушгины хавдраар тогтохгүй зүрх судасны өвчлөл багтраа өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид анхааруулсаар буй.

Өнгөрсөн жил болсон утааны сонсголын үеэр АШУҮИС-ийн судлаач А.Энхжаргал утаа агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулахгүй бол астма болон багтраа өвчний тохиолдол 2027 онд эрс нэмэгдэнэ гэсэн судалгааг гаргажээ. Түүнчлэн агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нэмэгддэг гэдгийг олон улсын судлаачид хийгээд НҮБ-ын Хүүхдийн сангаас анхааруулсан. Манай улсын хувьд 2016 онд хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлох судалгааг хийжээ. Энэ үед ундны уснаас үүдэлтэй хар тугалгын хэмжээ өндөр байна гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Харин үүнээс хойш хүүхдийн цусан дах хар тугалгын хэмжээг тодорхойлох судалгаа хийгээгүй байна. Агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах амь насаа хамгаалуулах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн мэдэгдлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргадаг ч Монгол Улсын төр үл тоомжирлон өнгөрөөдөг аж. Ийн нэг намын эрх ашиг давамгайлсан тогтолцооны золиос нь иргэд боллоо.

Тэгэхээр цаашид иргэд олон намын тогтолцоот хяналттай засаглалыг байгуулахад хувь нэмрээ оруулж, өөрсдийн аюулгүй амьдрах эрхээ эдэлдэг болмоор байна. Бид эрх зөрчигдлөө хэмээн мянга хашгираад олон улсын байгууллага ердөө л зөвлөмж өгөхөөс хэтрэхгүй. Тиймээс дараа дараагийнхаа улс төрийн сонголтод ухаалаг хандах шаардлага тулгарч байна.

Эцэст нь: Шийдэл гарц байна уу

Хот төлөвлөлтийн эдийн засагч эх сурвалжийн хэлснээр (тэрбээр нэрээ бичүүлэхийг хүсээгүй болно) “Уг нь гэр хороолол зүгээр л дамжин өнгөрөх цэг буюу түр зуурын шийдэл байсан юм. Гэтэл одоо дэд бүтэц, орон сууцжуулах гээд олон асуудал дагуулсан газар боллоо. Хамгийн оновчтой шийдэл бол дэд бүтцэд л холбох. Түүнээс аргацаасан байдлаар амжилт олохгүй гэдгийг бүгд мэдэрлээ” гэлээ. Түүнчлэн эдийн засагч Р.Шинэгэрэл “Төр утааг бууруулахад оролцохоо бүр болих хэрэгтэй. Харин эрчим хүчний хангамж үйлдвэрлэлээ нэмж хангалттай болго. Түлшний үйлдвэрлэл борлуулалтыг 100 хувь хувьд шилжүүлэх нь зөв. Иргэд өөрсдөө дулаалга дээр онцгой анхаарах шаардлагатай. Төр зөвхөн зуух, яндан, түлшнийхээ стандартыг л мөрдүүлж ажилламаар байна. Тэгвэл байдал арай дээрдэнэ” хэмээсэн юм.

Уг нь бол жил бүр 5-10 гудамж айлыг жижиг кластер дэд бүтцэд холбоод явбал ойрын хугацаанд яндангийн тоо эрс буурна гэдгийг судлаачид хэлж байгаа. Гэвч манай хотын удирдлагууд ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг л ажилладаг нь эмгэнэлтэй. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хэлснээр өнгөрсөн жилүүдэд утааг арилгах нэрийдлээр нийт таван их наяд гаруй төгрөг зарцуулсан тухай хэллээ. Энэ их мөнгө салхинд хийсгээд бид өнөөдөр утаандаа улам угаартаад сууж буй нь эмгэнэлтэй. Өөрсдөө нүүрсний баялаг нөөцтэй орон байж хөрш орноос зөөж хэдэн тэрбумаар нь гадагш урсгаж байгаа нь эдийн засагт хохиролтой ажил болоод байгааг ухаарах сэхээ алга. Утаа угтаа эрх мэдэлтнүүдийг бизнес болсон учраас тэд ийн бүлх залгисан мэт дуугүй байгаа хэмээн иргэд хардаж байна.

Одоо тэгээд үйлдвэр байгуулаад ч нэмэргүй. Гол бодлогоо алдчихсан, хэрэгжүүлэх тууштай зүтгэл байхгүй. Олигтой боловсон хүчингүй бол ямар ч гоё санаа амьдралд хэрэгжихгүй, эдийн засгийн хохирол амсаад л дуусна. Тиймээс институтын чадавхийг сайжруулахад анхаарвал цаашид хот төлөвлөлтийн алдаагаа засах боломж бүрдэнэ. Цаашлаад утаатай тэмцэж буй мөнгөний эх үүсвэрт хатуу хяналт тавьж, шат дараатай бодит ажил өрнүүлбэл жил бүр бага багаар утаанаас салж болмоор. Манай улсад урт хугацаатай оновчтой бодлого үгүйлэгдэж байна.

Эмээлт эко паркийн төсөл дээр Хэбэй мужтай хамтарч ажиллана
Эмээлт эко паркийн төсөл дээр Хэбэй мужтай хамтарч ажиллана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.