Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх бямба гаригт “CerviCARE AI” төхөөрөмжөөр үнэгүй үзлэг хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 25 секунд

Жил бүрийн нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аян болгон тэмдэглэдэг. Энэхүү аяны хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо орчин үеийн шинэ технологи болох хиймэл оюун ухааны оношилгоотой танилцлаа. Тус арга хэмжээг бид “Эй Ай Меди Монголиа” компанитай хамтран зохион байгууллаа. “Эй Ай Меди Монголиа” компани нь орчин үеийн хиймэл оюун ухааны оношилгооны төхөөрөмж “CerviCARE AI” -аар умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн илрүүлэг үзлэгийг хийж байна. Энэхүү төхөөрөмжийг БНСУ-ын NTL Health Care компани хөгжүүлжээ. Уулзалтын үеэр “Эй Ай Меди Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Д.Тодням хэлэхдээ “Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Иймээс манай компани эрт илрүүлэгт хувь нэмрээ оруулах гэж энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг нэвтрүүлсэн юм. Манай улсад ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүрэг бий. 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж дөрвөн хувьд хүргэх амлалтыг ДЭМБ-т өгсөн. 2021 оны статистик үзүүлэлтээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 19 хувьтай байгаа. Одоогоор өвчлөл буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа юм. Ихэнх тохиолдолд хожуу шатандаа орсон хойно нь оношилдог учраас зарим хүмүүсийн хувьд эмчилгээ авах нь нэгэнт оройтсон байдаг. Иймд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжилтнүүд ихээхэн санаа зовж явдаг. Жилд умайн хүзүүний хорт хавдрын 300 гаруй тохиолдол илэрдэг бөгөөд үүний тал хувь нь амь насаа алддаг юм билээ. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эрт илрүүлэг оношилгоонд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Манай эмнэлгийн хувьд хиймэл оюун ухааны оношилгооны системийг оруулж ирээд найман сар болж байна. Хүмүүсийн цагийг хэмнэх хамгийн оновчтой оношилгооны арга бол AI технологи юм гэж би хувьдаа харж байгаа” гэлээ.

“Сорхун” Эх нярайн сувилалын эмэгтэйчүүдийн эмч Б.Атарцэцэг “Эмэгтэйчүүд 30 наснаас дээш гурван жилд нэг удаа умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт орох үүрэгтэй. Гэвч манай эмэгтэйчүүдийн зарим нь энэ талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй байдаг. Тэр бүү хэл хүний хөхөнцөр вирусийн талаар ч бүрэн дүүрэн мэдээлэлгүй байна. Умайн хүзүүний хорт хавдар нь хүний хөхөнцөр вирус буюу олон улсын нэршлээр поплима вирусээр үүсгэгддэг өвчин гэдгийг бүсгүйчүүд маань мэдэж байх хэрэгтэй. Энэхүү вирус нь эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүдэд халдварладаг. Өөрөөр хэлбэл, вирус тээгч нь эрчүүд гэсэн үг. Тэгэхээр олон бэлгийн хавьтагчтай, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан хүмүүс умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй. Дэлхий дахинд жил бүр 300 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна. Энэхүү хавдар нь дэлхий нийтэд эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хавдрын дөрөвдүгээрт ордог. Манай улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 шинэ тохиолдол бүртгэгдсэний 3281 нь эмэгтэйчүүд. Зуун мянган эмэгтэй тутамд умайн хүзүүний хорт хавдрын 18,8 тохиолдол бүртгэгдсэнээс нас баралт 9,6 хувьтай байна. Одоогоор умайн хүзүүний хорт хавдрын хяналтад 4742 хүн байна. Энэ нь нийт хавдрын 18 хувийг эзэлж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Манай улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 шинэ тохиолдол бүртгэгдсэний 3281 нь эмэгтэйчүүд. Зуун мянган эмэгтэй тутамд умайн хүзүүний хорт хавдрын 18,8 тохиолдол бүртгэгдсэнээс нас баралт 9,6 хувьтай байна.

Манай улс энэ жилээс эхлэн умайн хүзүүний хорт хавдрын “гардасил9” вакциныг заавал хийх товлолт вакцины бүртгэлд оруулаад байгаа юм. Энэхүү вакциныг 12-13 насны охидод хийнэ гэсэн үг. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тодорхой хувиар буурна гэж үзэж байна. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сарын хүрээнд “Эй Ай Меди Монголиа” компанийн хамт олон ирэх бямба гаригт ЭХЭМҮТ-ийн хажууд байрлах “Персон” эмнэлэг дээр эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулах юм байна. Энэхүү үзлэгт хамрагдахыг хүсвэл www.aimedimongolia.com хаягаар бүртгүүлэх буюу 70004108, 95094108 утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Угаарын хийн хордлого аюулын харанга дэлдэж байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.