Нийслэлийн хэмжээнд 1831 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байгаагаас 106 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлжээ. Дүүргийн удирдлагууд энэ талаар болон шаардлага хангахгүй хаяг, сурталчилгааны байгууламжуудыг буулгах, тоглоомын талбай засварлах ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн шинээр оруулж ирсэн хүүхдийн автобуснууд үйлчилгээнд явж байгааг хэлж байв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийслэлийн шуурхай зөвлөгөөнд “Өнгөрсөн долоо хонгоос ТҮЦ буулгах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд 40 ТҮЦ нүүлгэн шилжүүлээд байна. Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-ийг нүүлгэх ажил эхэлж, дуусах шатандаа явж байна. Хоёр том байршил буюу “Драгон”-ы автобусны буудалд 23, Таван шард 32 ТҮЦ бий. 2022 оны аравдугаар сараас ТҮЦ эрхлэгчдэд мэдээлэл хүргэж, гэрээ байгуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс нүүлгэж эхэлсэн. ТҮЦ-нд архи, тамхи зардаг гэх мэдээлэл иргэдээс олон ирж байна. ТҮЦ эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам, талбайд бус, орон сууцны дунд байршил зааж өгдөг. Гэтэл орлого ордоггүй гэх шалтгаан хэлж байна. 11 ТҮЦ-ийг орон сууцны дунд байрлуулсан. Эзэн нь тодорхойгүй, давхар түрээслүүлсэн ТҮЦ ч байна” гэсэн юм. Тус дүүрэгт тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайн 94 байршилд байгаа бөгөөд нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг эхлүүлжээ. Мөн сурталчилгааны өнгө үзэмжгүй самбарыг буулгах ажлын хүрээнд аян зарлаж, буулгах ажлыг зохион байгуулж байна.