Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн нэгдүгээр давхарт "Эрдэм" нэртэй хүүхдэд зориулсан номын өргөө ажилаж байна. Тус газрыг АНУ-ын Орегон мужийн Юүжин хотод төвтэй "Холт интернэшнл" төрийн бус байгууллага санхүүжүүлдэг аж. Тус байгууллага нь 1956 оноос хүүхдийн сайн сайхны хөрөнгө оруулалт хийсээр иржээ. "Холт интернэшнл" байгууллага нь дэлхийн 13 улсад хүүхдэд зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Бид "Эрдэм" номын өргөөг хариуцсан мэргэжилтэн, багш Ж.Болормаатай уулзлаа.
-Танай "Эрдэм" хүүхдийн номын өргөө хэзээнээс үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Хэчнээн хүүхэд энэ танхимд сууж ном унших багтаамжтай бол?
-Сонгинохайрхан дүүргийн бүх хүүхдэд нээлттэй. Манай 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Мөн өөр дүүргийн хүүхдүүд ч ирж ном унших боломжтой. Гол нь багтаамж жаахан тааруу. Нэг удаа 20-25 хүүхэд сууж ном унших багтаамжтай. Хичээл эхлэхээр хүүхдүүд бужигнаад эхэлдэг. Зуны улиралд эл хуль байдаг юм. 9, 62, 143 дугаар сургуулийн хүүхдүүд түлхүү ирдэг. Хүүхдүүд хичээлээ хийгээд номоо уншаад, интернэтээ хэрэглээд байх боломжтой. Нэгдүгээр ангийн хүүхдийг бид хүлээж авдаггүй. Хоёроос дээш ангийнхныг бид хамруулдаг.
-Цагийн хуваарь нь ямар байдаг вэ. Хэдээс хэдэн цаг хүртэл ажиллах уу?
-Өглөө 9 цагаас онгойдог. Орой 17:00 цаг хүртэл ажиллана. Бид 62 дугаар сургуулийн цайны газартай гэрээтэй байдаг. Өглөө ирж номын санд суусан хүүхдүүд өдрийн хоолоо энд идээд хичээлдээ явдаг. Өдөр тараад ном уншихаар ирж байгаа хүүхдүүд мөн өдрийн хоолоо энд иддэг. АНУ-ын "Холт интернэшнл" төрийн бус байгууллага бол ямар нэгэн шашны байгууллага биш. Хүүхдийг хамгаалах олон улсын байгууллага гэж хэлж болно.
-Танайх хэчнээн номын фондтой вэ?
-Одоогоор 2000 гаруй номын фондтой. АНУ-аас зарим иргэн тусламжийн ном илгээсэн. Гэхдээ шуудангийн үйлчилгээ нь их үнэтэй учраас дахиж АНУ-аас иргэдийн хандивласан номыг авахаа больсон. Номын сангийн ном гэдгийг ойлгохгүй зарах ном гэж буруу ойлгоод шуудангийн байгууллага их хэмжээний төлбөр нэхдэг. Энэ нь маш хэцүү байдаг. Манай байгууллага мөн энэ Хөдөлмөр халамжийн хэлтэс дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан танхим тохижуулж байгаа гэж ярилаа.
Хүүхэд хамгааллын төлөө үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн өрхийн амьжиргаанаас доогуур орлоготой болон нэн ядуу өрхийн 200 гаруй хүүхдэд сар бүр 15 ам.доллартай тэнцэх хэмжээний хоол тэжээлийн мөнгө олгодог байна. Түүчлэн "Улаан чулуут"-ын цэг дээрх хүүхдүүдийг сургууль хамруулах хөтөлбөрийг дүүргийн Насан туршийн боловсролын төвөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа аж.