Шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “ Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ хүндэрсэн. Нийслэлд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдаг бөгөөд 379.5 км нь дулаан дамжуулах шугам юм. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Түүнчлэн 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил хийхээр төлөвлөлөө. Үүнээс 27.1 км нь дулааны шугам сүлжээнд хамаарна. Энэ жилийн хувьд Бага тойруу буюу МУБИС-иас СУИС-ийн урдуур "Цэцэг" төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу Төв номын сангаас “Блю скай”-н урдах гудамжны дулааны шугамыг шинэчлэх юм. Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээнд засвар хийхдээ ирэх жилийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд л хийдэг байсан. Харин энэ жил 19 байршилд иж бүрэн засварын ажлыг наймдугаар сарын 5-н гэхэд хийж дуусгана" хэмээв.