Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 2022 оны есдүгээр сард байгуулагдсан. Одоогоор найман дүүргийн 120 орчим сургуульд 2000 орчим гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хөвгүүд гэхээр идэвх муутай, дүрсгүй гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тэгэхээр хөвгүүдийг идэвхжүүлэх, эерэг байлгах зорилгоор энэ зөвлөлийг байгуулсан. Бидэнд “Зөв монгол хүн” ТББ зөвлөж ажилладаг. Сагсны талбайн самбар, цагариг шинэчлэх аяныг “Дэвшилтэт шийдэл” төслийн ах, эгч нар маань дэмжиж байгаа хэмээв.
Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлжээ.