Горхи Тэрэлжийн цогцолбор газар "Нүүдэлчин Монгол" өв соёлын сурталчлах фестивал өнөөдөр болох юм байна. Энэхүү арга хэмжээний үеэр соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийг танилцуулахаар төлөвлөжээ.
Соёлын биет бус өвийн их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн гаргаж соёлын биет бус өвийг таниулан сурталчлах юм. Мөн уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.
Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 3 жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д заажээ.