Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаач цэргийн ходоод 14 см урагдсан байсан.

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ирүүлсэн тогтоолын дагуу 18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн.

Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор болон тус дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн бөгөөд тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн.

Ходоодыг хагалгааны дараа бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод өөрөө сунамхай эрхтэн учраас уусмалын улмаас агшиж жижгэрсэн буюу өөрчлөгдсөн гэсэн үг. Бидний хэмжсэнээр ходоод 14 сантиметр урагдсан байсан" хэмээн ярилаа.

Мөн тэрбээр "Талийгаачийн цогцост хийсэн гаднын үзлэгээр болон өвчний түүх дээр ямар нэг гэмтэл байхгүй байсан ба биднийг шинжилгээ хийх үед тарианы ором байсан.

Ходоод өвчлөлөөс эсвэл гэмтлийн улмаас гэмтэж болно. Шүүхийн шинжилгээний явцад бүх өөрчлөлтүүдийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулж байгаа. Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй.

Харин хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл нэлээн өргөн хүрээг хамарсан байсан. Илүү хариулт өгөх боломжгүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

"Шүүхийн шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарна"

ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд “2014 онд батлагдсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын дагуу эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдол ажлын 21 хоногийн дотор шинжилгээний дүгнэлт гарна гэж заасан байдаг.

Цэргийн алба хаагч амиа алдсан хэргийн шинжилгээ нь өөрөө нарийн төвөгтэй шинжилгээний тоонд зүй ёсоор орно. Маш олон төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд дүгнэлтийг бид аль болох богино хугацаанд гаргахаар ажиллаж байна. Тиймээс шинжилгээний үр дүнгийн талаар одоо хэлэхэд эрт байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар бүлэгт шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнд танилцуулахыг хориглодог тул шинжилгээний явц үргэлжилж байгаа энэ үед урьдчилсан байдлаар ямар нэг үр дүн шууд хэлэх боломжгүй. Тодорхой хугацааны дараа шинжилгээ лабораториудаас гарч, нэгтгэгдэж дүгнэлт гаргана.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр нийт 20 гаруй цэрэг эмчлэгдсэн. Тухайн үед хагалгаанд орсон бөгөөд хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан.

Бид тайрсан ходоодыг бэхжүүлэх уусмалд хийгээд өвчний түүх болон холбогдох эмнэлгийн бичиг баримттай нь цагдаагийн байгууллагаар дамжуулан аваад түүн дээр дүн шинжилгээ хийж байна.

Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон эсвэл урагдсан болон цохилтоос болсон уу, хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаан нь бүгд тодорхой болно.

Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар нэг л гардаг. Урьдчилсан дүгнэлт гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн шинжилгээний байгууллага нийгэмд шуугиан дэгдээж буй энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өг гэсэн үүрэг даалгаврын дагуу талийгаачийг нас барсан цагаас хойш одоог хүртэл хийгдэж буй процессын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө” гэв.

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэлээ .
Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн дэлгэлээ .
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.