Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэлсэн. Энэ жилийн ДАШТ-д 82 орны 571 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд медалийн төлөө өрсөлдөж байна. Манай жүдочид тэмцээний эхний өдөр мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-д анх удаа зодоглож буй Энхтайваны Ариунболд мөнгөн медаль зүүлээ.
Тэрбээр нэгийн даваанд Чехийн Д.Пулкрабекийг цэвэр, шөвгийн 16-д гүрж гаралтай нидерланд жүдоч Т.Цакадоеваг вазаригаар, шөвгийн наймд Италийн А.Пантаног нэмэлт цагт вазаригаар, хагас шигшээд эзэн орны бөх Д.Баратовыг тус тус буулгаж авсаар финалд шалгарсан.
Харин аваргын төлөөх барилдаанд олимпын аварга, дэлхийн дөрвөн алтан медальт Японы Наохиса Такатод цэвэр ялагдлаа.