Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд хэсгийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 6-ны өдөр орон нутгийн цагаар 04:17 цаг орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтөөр нас барагсдын тоо сүүлийн байдлаар 7800 давжээ. Аврагчид нурангийг зайлуулсаар байгаа тул энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Гадаадын улсууд гамшигт өртсөн бүс нутаг руу аврагчдаа илгээж буй.
Одоогоор Украин, Өмнөд Солонгос, АНУ, Итали, Унгар, Япон, Австри, ОХУ, Их Британи, Герман, Алжир, Катар, Ирак, Израиль, Швейцарь, Польш, Румын, Тайвань, Монгол тэргүүтэй улс орнууд болон олон улсын байгууллагууд хүн хүч болон бараа бүтээгдэхүүн, мөнгөний тусламж үзүүлжээ.
Монгол Улсаас ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан эрэн хайх, аврах баг болон эмч нарын бүрэлдэхүүн өнөөдөр /2023.02.08/ үүрээр Туркийг зорив. Мөн аврагчдын бүрэлдэхүүнд Марта болон Балу нэртэй гурав, дөрвөн настай үнэрч хоёр нохой багтжээ. Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа, бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна.
С.Батцэцэг сайд “Зургаан мянган монгол Туркт ажиллаж амьдарч байна. Газар хөдлөлт болсон бүс нутагт монголчууд оршин суудаггүй. Турк иргэнтэй гэр бүл болсон хоёр иргэн бий. Холбогдсон. Нэг иргэний зардлыг нь даагаад Истанбул руу нүүлгэхээр болсон” гэлээ.
Газар хөдлөлттэй холбоотойгоор Туркийг чиглэсэн олон улсын нислэгүүд цуцлагдах вий гэсэн болгоомжлол байсан. Тэгвэл ихэнхи авиа компаниуд Турк руу нислэг үйлдсэн хэвээр байна. Тус улсын гол нисэх онгоцны буудал болох Истанбулын олон улсын буудал хэвийн ажиллаж байгаа аж. Харин “Turkish Airlines”-ийн зүгээс газар хөдлөлтөд өртсөн, өртөх эрсдэлтэй Самсун, Адъяаман, Сийрт зэрэг бүс нутаг руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ. Тус компанийн мэдэгдэлд, “Одоогоор аврах баг, шинжээчдийн баг, тусламжийн материал, шаардлагатай тоног төхөөрөмжийг бүс нутагт хүргэхийн тулд үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчиллөө” гэжээ. “Turkish Airlines”-ийн ачааны онгоцууд улс орон даяар аврах, онцгой байдлын хүчнийхэн, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа гэнэ.
Турк дэх зарим дотоодын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоожээ.