Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь хавдрын болон ерөнхий мэс засал, бүх төрлийн эмчилгээ, оношилгоог үзүүлж байгаа лавлагаа шатлалын төв эмнэлэг болсон. Энэ хүрээнд улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах зорилгоор хавдрын хэд хэдэн төрлийн мэс заслыг хийхийн зэрэгцээ өнөөдөр хавдрын хими эмчилгээний шинэ тасгаа нээж, өвдөлт намдаах нэгжийг тус тус ашиглалтад орууллаа.
Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “2023 он гарсаар манай эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Бид энэ оны эхний хоёр сарын байдлаар шинэ 2 нэгж буюу хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд манай эмнэлэг манлайлж оролцож байна.
Иргэдэд зонхилон тохиолдож буй 5 хавдар буюу элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэж байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төв бол Хавдар Судлалын Үндэсний төв бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгараад байсан. Тийм учраас УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна. 2022 оны 12 дугаар сард УХТЭ нь УНТЭ, ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хавдрын тусламж, үйлчилгээг төв эмнэлгүүдэд хийх боломжийг бүрдүүлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургах тал дээр хамтарч ажиллахаар болсон. Үүний хүрээнд хими эмчилгээний нэгжид ажиллах эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч нарыг ХСҮТ дээр бэлтгэсэн. Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр үзүүлэхийн тулд хими эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөөтэйгүүр бид хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа эмнэлгүүдээс өвчтөн авчирч өөрийнхөө эмнэлэг дээр эмчилэх боломж бүрдэж байна. Цаашид нэгжүүдийг тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах, бай эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээв.