Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шийдвэрээ танилцууллаа.
Шүүх бүрэлдэхүүн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутай гэж үзэн нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасан нээлттэй хорих ангид 4 жил хорих, 2,7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Мөн Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийн улмаас улсад 112 сая төгрөгийг хохирол учирсан тул түүнээс 82 сая төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг Д.Мөнх-Эрдэнээс, мөн 20 сая төгрөгийг Д.Эрдэнэбаярын ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгохоор шүүгч тус тус шийдвэрлэлээ.
Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн зэрэг хэрэгт буруутган шүүсэн юм.