Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт төрийн мөнгөөр хувийн бизнесээ тордсон байж болзошгүй баримт илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 52 секунд

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төрийн мөнгөөр хувийн бизнесээ угжсан нь баримтаар илэрлээ

Түүний төрөөс мөнгө “сааж” хувийн компаниудаа тордсон баримтыг “Мөрч” сайтын сэтгүүлчид цуглуулж, Улсын ерөнхий прокурорын газарт шалгуулахаар өгч буй талаар өнөөдөр мэдээллээ.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт "Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нь төрөөс хөрөнгө оруулж байгаа томоохон тендер, төсөл болон концессын гэрээг өөрийн хамаарал бүхий компаниуддаа олгодог байж болзошгүй. Ингэхдээ эрх мэдлээ ашигласан байх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 34 хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалган тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэтэл С.Бямбацогт болон Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог, нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэлтсийн дарга н.Батзаяа, БНХАУ-ын нэр бүхий иргэнд хамаарах хэргийг тусгаарлаж, одоо хүртэл шийдвэрлэхгүй байгаа.

Энэ хэргийг мартуулан замхруулах гэж байна уу гэх хардлага бий. Иймд түүнтэй хамааралтай энэ хэргийг заавал шалгах ёстой гэв.

Дээр дурдсанчлан өөрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаад улсын төсвөөс 281 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа авсан байж болзошгүй баримт бий. Бид түүний хамаарал бүхий төрийн бус байгууллагуудын жагсаалтыг гаргасан.

Тухайлбал, "Нээлттэй мэдлэг", "Залуусын түүчээ", "Бид нэг Монгол", "Хүнлэг Монгол", "Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг" болон Ховд аймгийн нутгийн зөвлөл гэх мэтчилэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өөрийгөө “Нью прогресс групп" ХХК-тай хамааралгүй гэж хэлдэг. Гэтэл тухайн групптэй хамааралтай гэдгийг "Алтайн зам" ХК тэргүүтэй таван охин компани, мөн хувьцаа эзэмшдэг "Зоос гоёл", "Тавантолгой", "Говь", "Апу" зэрэг компанийн авсан зээлээс нь харж болохоор байгаа юм.

Сандагийн Бямбацогтын зээлийн байдлыг задалж үзвэл:

  • "Чингис бонд"-оос 25.4 тэрбум
  • Хөгжлийн Банкны зээлээс 80.1 тэрбум
  • ЖДҮ, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс дөрвөн тэрбум
  • Тендерээр 63.9 тэрбум буюу нийт 173 тэрбум төгрөгийг улсын төсвөөс авсан байна.

Үүнээс "Алтай трейд" ХХК-аар авсан концессын гэрээний өртөг нь 107.8 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, 281 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хамаарал бүхий компаниуддаа авсан" хэмээв.

Мөн "Түүний ах дүүсийн сүлжээг гаргасан. “Нью прогресс групп" компанийн хувьцаа эзэмшигч нь төрсөн ах С.Балжинням гэдэг хүн. Түүний нэр дээр маш олон компани бүртгэлтэй байдаг. Түүнчлэн түүний төрсөн хүү ньНью прогресс групп" компанийн хувьцаа эзэмшигч.

С.Бямбацогт нь 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг хувийн бизнестээ шингээж авсан байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэвэл, хүмүүс яагаад УИХ-ын гишүүн, сайд болох гээд улайран зүтгээд байдгийн учир нь энэ аж.

Өнөөдөр ах дүү, найз нөхдийн сүлжээ, хамаатан саднаараа үүсгэсэн компаниудаараа төрийн мөнгийг төсөв, тендер, концесс, ЖДҮ гэх мэт янз бүрийн байдлаар, авч болох бүх аргаар авдаг юм байна.

Тухайлбал,

  • "Говь" компаниар 15 тэрбумыг хоёр удаа
  • "Гоёо" компаниар 20.3 тэрбум
  • "Алтайн зам" компаниар 21.5 тэрбум
  • "Алтайн трест" компаниар 8.3 тэрбумын зээлийг Хөгжлийн Банкнаас авчээ.

Энэ бүх материалыг хуулийн байгууллагууд шалгах ёстой. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлөөд шалгаж байгаа шиг өнөөдөр С.Бямбацогтыг албан тушаалаас нь чөлөөлж, шалгах ёстой.

Үнэхээр шүгэл үлээж, шүүрдэх ажиллагаа явуулж байгаа бол хэргийн материалыг шалгах шаардлагыг тавьж байна" гэлээ. Мөн түүний хамаарал бүхий таван компани Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Их монгол оргил”, “Ньювестрен”, “Мост интернэшнл”, “Ньюстоун”, “Проперланд”, “Эйти инженеринг”, “Чандмань Өлзийбадрах”, Ньюпрогресс секьюрити” зэрэг компанийн далд эзэн нь С.Бямбацогт юм байна.

Хоёр монгол сурагч дэлхийн шатрын аварга боллоо
Хоёр монгол сурагч дэлхийн шатрын аварга боллоо
 
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.