Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 136, хоёрдугаар сард 88 буюу нийт 224 автобусаар парк шинэчлэлт хийсэн.
Үүнээс
- Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т 112 автобус,
- Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т 112 автобусыг хүлээлгэн өгч, үе шаттайгаар үйлчилгээнд гаргалаа.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэхээр гуравдугаар сарын 10, 13-ны өдрүүдэд Ч:1 буюу "5 шар-Офицеруудын ордон" чиглэлд туршилт хийсэн.
Ингэхдээ өглөөний эх авалтыг дайран өнгөрөх буюу 39 зогсоолоос эх авхуулж, өглөөний ачаалал ихтэй цагт хүлээгдлийн хугацааг багасгасан. Тодруулбал, 06:20-08:10 цагийн хооронд "5 шар-ТБД андууд" хүртэл нэг тээврийн хэрэгсэл үйлчилдэг байсан. Тэгвэл есөн тээврийн хэрэгсэл энэ чиглэлийн дундын буудлаас ачааллыг тэнцвэртэй хувааж авснаар автобус хүлээгдлийн хугацаа 2-4 минут болон буурч, зорчигчдын урсгал 15 хувиар нэмэгдэж, тээврийн хэрэгслийн сул гүйлт 12 км байсан нь зургаан км болж буурсан үр дүн гарсан” хэмээлээ.
Мөн ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан "U money" карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн талаар мэдээлсэн юм.
Зургаан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол дээр байршиж буй 222 ТҮЦ-ээр өдөр бүрийн нийт цэнэглэлтийн 60 хувийг хийдэг. Гэхдээ ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж буй тул ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкуудтай хамтран карт гаргах, “Hi-Pay”, “Toki”, “Tapa-trip” аппликейшн ашиглан гар утсаараа нийтийн тээврийн картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж.
Түүнчлэн “Онтайм” ХХК, “Дата кейр” ХХК, “Изи пей” ХХК-тай хамтран кассын програм болон ПОС төхөөрөмж ашиглан “U money” карт цэнэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм.