Монгол Улсын ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарийн F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Санамж бичигт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Roche” компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве нар өнөөдөр /2023-12-05/ гарын үсэг зурж баталгаажууллаа.
Монгол Улс хорт хавдрын ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг харамсалтай статистик байна. Манай улсад 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй байсан.
Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэйд 77.6, эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байна.Тэрбээр мөн энэ хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсад элэгний хожуу шатанд оношлогдсон хавдар болон уушги, хөх, ходоод, өндгөвч, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эмчилгээний хөгжил, чанар, хүртээмжид том алхам хийгдэнэ. Учир нь эдгээр эм их өндөр өртөгтэй бөгөөд элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаас нь хамаарч 8000-9392 ам.доллар буюу монгол мөнгөөр 20-32 сая төгрөгөөр хийлгэдэг бол үүнийг манайд маш бага үнээр буюу 1000 орчим ам.доллараар нийлүүлэхээр санал тавьж байгаа гэдгийг хэлсэн.
Эрүүл мэндийн салбарт хавдрын шаардлагатай тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэж, оношилгоо эмчилгээ хийж байгаа ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Эмчилгээний шинэ технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед дэлхийн түвшний дархлаа эмчилгээг Монголдоо нэвтрүүлснээр олон хүн эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэж буй юм. Дархлаа эмчилгээ нь эм гэхээс илүү хүний биеийн дархлааны эсийг идэвхжүүлж, хавдрын эсрэг тэмцэх хүчин чадлыг бий болгон хавдрыг устгадаг тул сүүлийн 10 жил эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ эмчилгээг иргэдэд эдийн засгийн дарамтгүйгээр хэрэгжүүлж эхэлсэнд баяртай байгаа” гэв.
Дашрамд дурдахад, Швейцарийн Хоффман Ла Рош компани 2018 онд анх Монгол улсад шилдэг оригинал эмийн бүтээгдэхүүнээ танилцуулж, хорт хавдрын эмчилгээнд Бай эмчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд улмаар 2019 онд Монгол улсын ЭМЯ, ХСҮТ-тэй хөхний болон бусад хавдрын эмчилгээнд бай эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг зурж байсан ажээ.