Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг бүртгүүлсэн батламжийг гардуулав

Ангилал
Нийгэм Урлаг
Огноо
Унших
2 минут 24 секунд

“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулах ёслол “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо.

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны тавдугаар сард хуралдсан ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтсан юм. ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэсэн батламжийг Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан болон цаашид эл дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сурвалжлах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлд гардуулан өгөв.

Батламж гардуулах ёслолд Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музей, Чингис хаан Үндэсний музей, Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, судлаач, дуун хөрвүүлэгч Го.Аким, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар ба Соёл, урлагийн газар, музей, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөлийн төлөөлөл хүрэлцэн ирж, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн батламжийг гардан авлаа.

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2024 оны Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох Чингисийн чулууны бичиг нэрээр алдартай Есүнхэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэхээр тогтоод байгаа билээ.

Эгч дүү 2 усанд сэлэгч нийт 7 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
Эгч дүү 2 усанд сэлэгч нийт 7 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.