"Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-аас сар шинийн баярт зориулан "Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдааг сарын турш зохион байгуулна.
Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой тус үзэсгэлэн худалдаа энэ жил нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд шинээр ашиглалтад орж буй "Шинэ 100 айл" үйлчилгээний төвд болно. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв. Тэд үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөргүй худалдаж байв.