Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шашин судлалаар суралцаж буй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинэ оны ажлын эхний өдөр Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль болон тус сургуулийн дэргэдэх төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шашны дээд сургууль 1970 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 38 удаагийн төгсөлт хийж, 1450 орчим бакалаврын зэрэгтэй, 2010 оноос хойш 20 гаруй магистрын зэрэгтэй оюутан төгсгөсөн байна. Оны өмнөхөн боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах эрхтэй дээд боловсролын байгууллага мөн гэдгийг баталгаажуулжээ.

Энэ үеэр Энэтхэг Улсад суралцаж байгаа лам хүүхдүүдийн асуудлыг анхаарах хэрэгтэйг онцлов. Өнөөдөр Гомон дацанд 700, Сэрай дацанд 100 орчим хүүхэд суралцаж байна. Дээрх дацанд суралцаж төгссөн хүүхдүүдэд диплом олгодог боловч үүнийг Монголд дүйцүүлэх аргачлал байхгүй. Энэ гуравдугаар сард Энэтхэгийн боловсролын сайдтай уулзалт хийж, эдгээр хүүхдэд Монголын ЕБС-ийн хөтөлбөрийг оруулах талаар санал гаргаж хамтран ажиллана. Хөтөлбөрөө дүүргэсэн хүүхдүүдийн ЕБС-ийн гэрчилгээг дүйцүүлэх, хөрвүүлэх талаар хэлэлцээнүүд хийнэ гэдгийг хэллээ.

Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа шашны гэх тодотголтой төрөлжсөн 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуульд өнөөдөр 100 гаруй сурагч суралцаж байна.

Гэсэр сүмийн байранд олон жил үйл ажиллагаа явуулж байсан энэ сургуулийн хичээлийн байр 1954 оны барилга бөгөөд ширээ сандал нь хуучирч муудсан, хүүхдүүд нь алдаг оног явдаг байжээ. Ерөнхий боловсролын хөтөлбөр хэт саармагжсан, багшлах боловсон хүчин дутагдалтай байсан бөгөөд 2023 онд Бурхан шашны дээд сургуулийн байрны зүүн жигүүрт шилжүүлэн авчирчээ.

Ингэснээр тохилог, дулаан байранд шинэчлэгдсэн ширээ сандалтай болж орчин нөхцөл сайжирсан байна.

2024 онд 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажил эхлүүлнэ. Цаашид спорт заал, дотуур байр бүхий цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар салбарын сайд Л.Энх-Амгалан сургуулийн удирдлагуудтай уулзах үеэр хэллээ.

Төрөлжсөн сургалттай 112 дугаар сургуулийн захирал Г.Жалсрайжамц "Манай хүүхдүүд бурханы шашинтай холбоотой хоёрхон хичээл үздэг. Нэг нь уншлага, нөгөөх нь төвөд хэл. Цаашид хичээл, сургалтын үйл ажиллагаа чанартай явагдах боломж бүрдэж байгаад баяртай байна" гэв.

“Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-наас гарна
“Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-наас гарна
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.