Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажил, ашиглалтад орж амжаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талаар хэлэлцлээ.Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, 6 спорт заалын барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удаашралтай байна. Сургууль цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай холбоотойгоор нийслэлийн таван дүүргийн найман байршилд 44,870м2 газрыг чөлөөлөөд байна” гэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 60 хувьтай үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургууль, 117 цэцэрлэг хичээллэнэ. Шинээр долоон сургууль, 12 цэцэрлэг баригдаж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, нэмэлт санхүүжилт болоод газар чөлөөлөлтийн асуудлаас болж зарим хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай явагдаж байна” гэлээ