Мега төслүүдийг үр дүнд хүргэхэд эрдэмтэд зөвлөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 43 секунд

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн энэ удаагийн өглөөний зочноор Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч хийгээд хүрээлэнгүүдийн удирдлагууд уригдаж оролцлоо. Манай улсын эрдэмтдийн дуу хоолой сул байдаг гэж иргэд шүүмжлэх нь бий. Тэгвэл энэ удаа эрдэмтэд улс орны хөгжилд манлайллын үүрэг гүйцэтгэж, өөрсдийн чадах зүйлээрээ тус дэмжлэг болохоо илэрхийлж байна. Өглөөний уулзалтад ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, дэд ерөнхийлөгч академич Б.Авид, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан, Археологийн хүрээлэнгийн захирал доктор Г.Эрэгзэн, Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Бадамхатан нар оролцлоо.

Шинжлэх ухааны академийн захирлаар академич С.Дэмбэрэл сонгогдоод 100 дахь хоногтойгоо золгожээ. Тэрбээр “Манай салбар хүрээлэнд 1120 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна. Бид улс орны хэрэгжүүлж буй мега төслүүдэд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа. Улс орны хэрэгжүүлэхээр зорьсон 14 мега төсөл, Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр эхлүүлсэн 23 мега төслийг үр дүнд хүргэхэд бид хувь нэмрээ оруулж чадлаараа зөвлөж, судалгаа шинжилгээ үндэслэлтэйгээр хандах болно. 2025 онд гурван лаборатори ашиглалтад оруулна. Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нэгдсэн цогцолбор байртай болж байгаа. Цаашид шинжлэх ухаан технологийн техник тоног төхөөрөмжийн асуудлыг олон улсын түвшинд хүргэж шинэчлэхээр зорьж байгаа. Бид мега төслүүдийн талаар томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эхний ээлжинд Эгийн голын усан цахилгаан станцыг төслийг урагшуулахаар зорьж байна.

Энэ талаар иргэд олон талаар маргаж ирлээ. Энэ төсөл урагшилна, тэр чигтээ замхрах байх гэдэг ч юмуу. Тэгэхээр бид ямар ч байсан үр дүнд хүргэхийн төлөө хүчин чармайлт гаргана. Техникийн болоод байгаль орчны нөлөөллийн олон талын нарийн судалгаа шинжилгээ шаардагдаж байгаа. ОХУ-ын тал байгаль нуурын экосистемд нөлөөлнө гэж болгоомжтой хандаж байгаа нь үнэн. Түүнээс энэ төслийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл бол биш. Манай улсын талаас нэлээн нарийн судалгаа шаардаад байгаа юм. Манай эрэмтэд судалгаагаа өгсөн хэдий ч оросын талаас гаргасан дүгнэлт баримтуудыг дутмаг тусгасан байна гэсэн тайлбар өгч байгаа” гэдгийг хэллээ.

Улс орны хөгжлийг урагшлуулахын тулд уранаа ашиглах хэрэгтэй

Мөн энэ цаг үед ураны ашиглах нь зөв үү буруу юу гэсэн олон нийтийн талцлын асуултад Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан хариулт өглөө.

Тэрбээр “Малын эрүүл мэндэд нөлөөлж гажигтай төл гарлаа гэсэн дуулиан дэгдээд байсан. Ингээд академиас газар дээр нь очиж судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт хийсэн. Олон байгууллагын мэргэжлийн хүмүүс орсон ажлын хэсэг газар дээр нь ажиллаж суурь нөхцлийг тодруулсан. 2021 онд Зөөвч овоо орд дээр очиж шинжлэх ухааны арга аргачлалаар судалгаа хийгээд Засгийн газарт танилцуулсан. Бид 2022 оноос шинжлэх ухаан технологийн захиалга төсөл хэрэгжүүлж байна. Энэ төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжиж байгаа юм. Үнэхээр мал амьтанд хортой юу бид олборлолтод хэрхэн хяналт тавих вэ гэдэг дээр төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн үг.

Хүмүүс яагаад өөр аргаар ашиглахгүй уусгах гэдэг технологийн хэрэглэж байгаа юм бэ гэдгийг сонирхож байгаа байх. Байгалийн гольдирлоор бий болсон зүйлийг бүгдийг нь тодорхойлоод ямар технологи хэрэглэх вэ гэдэгт лабораторийн түвшинд тодорхойлдог. Үүнийгээ томсгосон хэлбэрт оруулаад ТЭЗҮ боловсруулах шатандаа ордог. Эхний лабораторийн туршилтыг Францад хийсэн. Эндээс гарсан үр дүнгээр хоёр удаа газар дээр нь туршилт хийсэн. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээний дараа үйлдвэр нь байгуулах шатандаа явж байна. Сонгосон арга нь зөв үү буруу юу гэдэгт л бид үнэлэлт дүгнэлт өгсөн. Эрдэнэт үйлдвэр бол ил уурхайн аргаар явж ирсэн. Оюутолгой бол далд аргаар хүдрээ олборлож байна. Газар доорх уусган олборлолт гэхээр цооногууд өрөмдөж хүхрийн хүчил шахаж олборлодог арга. Тэгэхээр энэ ордыг ийм аргаар олборлоход л тохиромжтой гэж ойлгож болно. Манайхны эргэлзээд байгаа зүйл бол цацраг идэвх бодис ялгарна түүнээс нь хүмүүс хордоно гэж айгаад байгаа. Гэтэл байгаль дээрээ байгаа зүйлийг татаж гаргаж ирээд буцаагаад ураны исэл болгоод цацраг идэвхи бодис гаргаж байгаа. Түүнээс цөмийн түлш гаргаж байгаа биш шүү дээ. Дараагийн хоёр шатны боловсруулалт бол маш нарийн технологитой. Дэлхийн дээр гарын таван хуруунд багтах цөөн орон л ийм технологи хэрэглэдэг. Манайд одоо тийм их хортой хог хаягдал гарахгүй. Улс орон хөгжье л гэвэл айх хэрэггүй. Ямар ч юм эрсдэлгүй байна гэж байдаггүй. Бид эрсдэлийг нь яаж хамгийн бага түвшинд байлгаж үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг л хянах ёстой. Огт хоргүй гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь энэ технологи нь л тухайн ордод тохирч байгаа юм” хэмээн ярилаа.

Эрдэмтэд цаашид сансар судлалыг ч гэсэн шинэ түвшинд хүргэж, хоёр дахь сансрын нисгэгч бэлтгэх ажилд анхаарал хандуулахаа энэхүү уулзалтын үеэр сонирхууллаа.

“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам маргааш эхэлнэ
“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам маргааш эхэлнэ
 
Иргэд угаартдаггүй болсон цагт эрчим хүчний реформ “амилж” эхэлнэ
Иргэд угаартдаггүй болсон цагт эрчим хүчний реформ “амилж” эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.