Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баярын амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Улмаар гал түймрийн бүсээс 43 иргэнийг гарган, 13 иргэнийг ослоос аварч, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 13 тэрбум 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ. Голын усанд осолдсон зургаан иргэн болон зам тээврийн ослоор амь насаа алдсан хоёр иргэний цогцосыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор гэр, майхан, асарт үйлчилгээ эрхэлсэн 341 аж ахуй нэгжид шалгалт хийжээ. Энэ хүрээнд 260 зөрчил илрүүлэн, 149 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 199 зөрчилд мэдэгдэл, 1016 иргэн, аж ахуй нэгжид заавар, зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг хангуулсан байна. Мөн болзошгүй гал түймэр, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэжээ.