Жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар товлосон "Хүрээ даншиг" наадам ковидын улмаас хоёр жил завсарласан юм. Харин энэ жил тус наадмыг ирэх сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг наадам нь дэлхийд Монгол орны өв соёлыг сурталчлах, жуулчдыг татахад ихээхэн ач холбогдолтой гэж Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан хэлж байгаа. Хүрээ даншигийн талаар түүх сөхвөл, аншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон баяр юм. 2018 онд гэхэд уг наадмыг 2500 гаруй жуулчин үзэж сонирхжээ. Энэ жилийн хувьд "Хүрээ даншиг-2022" наадмын бэлтгэл ажил 50 хувьтай байна.
“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг уламжлал ёсоор Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулна.
Даншиг наадмын хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр Таван шараас Хүй долоон худаг чиглэлд үйлчилдэг. Мөн “Сити-тур” автобусаар жуулчдад үйлчилнэ. Мөн хэвлэл мэдээллийнхэнд зориулан “Мэдээллийн төв”-ийг Хүй долоон худагт ажиллуулахаар төлөвлөжээ.