Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хил гаалийн удаашрал модон эдлэлийн үнэд ч нөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 32 секунд

Налгар намрын найр, хуримын цаг айсуй. Эцгийн гэрээс өрх тусгаарлах залуусын хуримын зар дуулдах энэ сард шинэ гэр, тавилгын зах зээлийн орлого дэвждэг үе. Хил гааль удаашралтай, бараа бүтээгдэхүүний үнэ өсч эхэлсэн энэ үед мод, модон материалын үнэ ханш хэр өсч буйг сурвалжлахаар “Хангай” захыг зорилоо. Нийслэлийнхний зорин үйлчлүүлдэг тус захад мод бэлтгэлийн газруудаас ирсэн моднууд шууд ачигдан ирдэг. Түм түжигнэж, бум бужигнаж байдаг тус зах хүн багатай. Зорьж ирсэн хүн бүрийг худалдаачид ямар мод авах уу, хэдийг авмаар байна, ярина шүү хэмээн угтах дүр зураг угтана...

Хахир хүйтнээс урьтаж байшин барилга, хашаа хороогоо засч сэлбэх гэсэн иргэд зорих тус захад модны үнэ хэмжээ, хуучин, шинээсээ хамаарч үнэ өөр аж. Жишээ нь, палк мод 70-90 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.

Зарим зүйлийг худалдаачин н.Нямаагаас тодрууллаа.

-Өнөөдөр худалдаачид цөөхөн харагдаж байна. Модны нийлүүлэлт хэр байна?

-Нийлүүлэлт багасч байгаа. Мод бэлтгэн нийлүүлэгчид самранд их явж байгаагаас мод орж ирэх нь бага л байна. Модны үнийн хувьд өссөн зүйл байхгүй.

-Худалдан авагчид цөөн байна уу даа?

-Бага байгаа. Зайлшгүй шаардлагатай хүмүүс зорьж ирдэг газар шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвар чадвар ч буурч байх шиг байна. Их ирж асуудаг ч, худалдан авч байгаа нь цөөн л байна” гэв. Харин өөр нэгэн худалдаачин мод бэлтгэл багасч байгаагаас гадна шатахууны үнэ дарамт болж байна” хэмээн учирлав.

Ийнхүү мод модон бүтээгдэхүүний төрөлжсөн тус захын бэлэн мод бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхлоо. Нэгдүгээр зэрэглэлийн модоор бүтээгдэхүүнээ урладаг гэх “Мод маркет”-ын эко нойлын кабин сая 100 мянган төгрөг, гар ажиллагаа ихтэй хээ хуартай авдар 350- 800 мянга, 9м.кв модон саравч таван сая 400 мянга гэнэ. Харин хүүхдийн элсний тоглоомын хайрцаг 450мянган төгрөг аж.

Модоор хийсэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд яагаад үнэтэй байгааг тодруулан асуухад “ Модон бүтээгдэхүүн эдэлгээ урттай, чанартай байдаг. Бид үйлчлүүлэгчдээ 100 хувь сэтгэл ханамж өгөхийн тулд бүтээгдэхүүндээ ур, сэтгэлээ зориулж хийдэг. Хил гаалийн ачааллаас үүдэн модон материал хийхэд ашигладаг зарим нэр төрлийн барааны үнэ өссөн. Үүнээс шалтгаалж үнэ өссөн байгаа” гэв.

Тэгвэл “Хархорин” захыг зорилоо. Хүмүүс уламжлалт гэрээ зориулалтын тавилгаар чимэх хүсэлтэй болсноор энэ төрлийн бүтээгдэхүүний загвар хийц цаг үеэ даган чамин болж, өнгө хээ хуар ч нүд унамаар содон болсон. Тус захад арслантай авдар хэмжээнээсээ хамаарч 350-500 мянган төгрөг, гал тогооны тавилга 350 мянга, зурагтын тавиур хосоороо 600 мянган төгрөг. Загвараа өөрсдөө гаргаж захиалгаа өгвөл саяас гурван саяад иж бүрэн сайхан тавилгатай болж болно гэнэ. Монгол гэрийн тавилга яагаад үнэтэй байгааг тодруулахад худалдаачин Н ”Наад зах нь, модон эдлэл хийхэд ашигладаг будагны үнэ өссөн. Хил гаалиас шалтгаалаад. Хүний насан туршийн хэрэглээ учраас хямд, чанаргүй будаг ашиглахаас зайлсхийж, чанартайг нь сонгодог” гэв.

Харин сийлбэртэй тавилгын хувьд сайн чанарын мод ашиглан цаг хугацаа их зарцуулан гараа гарган ур дүйгээ гайхуулан сийлж, ухаж хийдэг учраас гэрийн эрээн тавилгыг бодвол илүү үнэтэй. Барагцаалбал, 50-200 мянган төгрөгийн ялгаатай гэхэд хилсдэхгүй. Ямартай ч, өнгөрсөн жилтэй харьцуулахад мод, модон эдлэлийн үнэ багагүй өртгөөр нэмэгдсэнийг дуулгая.

“Хүүхдийн эрдмийн өргөө“ номын сан хүүхэд бүрт нээлттэй
“Хүүхдийн эрдмийн өргөө“ номын сан хүүхэд бүрт нээлттэй
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.