Манай улс ойн нөөц багатай орны тоонд багтдаг. Түүн дотроо хушин ойн багатай аж. Хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж байна. Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхаарууллаа.
Монголын 10 аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд өнгөрсөн жилийн тухайд найман аймгийн 25 суманд их ургацтай байжээ.
Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Болц нь гүйцсэн самрыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед иргэд мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.