Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө цэцэрлэгүүдийн хүртээмж, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгад хийгдэж буй их болон урсгал засварын явцыг үзэж, холбогдох албаныхантай зөвлөлдөв. Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргүүдийн орон сууц, цэцэрлэг, сургуулийн урсгал засварын ажлыг шалгаж яваа аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, гадна өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, цонхыг солих зэрэг их засварын ажлууд хийгдэж байна. Өмнө нь Чингэлтэй, Налайх дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянгол, ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт гэх мэтээр нийслэлийн хэмжээнд хүүхдүүд тохитой, дулаан орчинд сурах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн барилгаас гадна угсармал орон сууцууд дулаан алдагдал ихтэй байна. Хотын даргын зүгээс хамгийн түрүүнд хүүхдүүд хамгийн их цагийг өнгөрөөж буй сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах чиглэл өгсний дагуу дээрх дулаан алдагдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн"хэмээжээ.