БНСУ- д суугаа Монголын элчин сайдын яамнаас тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд сэрэмжлүүлэг тараажээ. Тус улсын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт энэ сарын 8-ны өдрийн оройноос эхэлж үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсч найман хүн нас барж, зургаан хүн сураггүй болж, барилга байгууламж усанд автан, хөрсний гулгалт үүссэн байна. Үерийн улмаас Сөүл хотын долоон газарт автозамын зорчих хэсэг усанд автаж, 70 гаруй автозамын байгууламж эвдэрч сүйдсэн тул зарим автозамын хөдөлгөөнийг хааж, нийтийн тээврийн зарим шугамыг зогсоожээ. Цаашид энэ сарын 11-ний өдрийг хүртэл хот суурин газарт хур тунадас 100-300 мм хүрэх төлөвтэй аж. Иймээс үер усны аюул Хан мөрний өмнөд хэсэгт голлон үүсч байгаа тул дээрх бүс нутгаар зорчих, нэн ялангуяа гадаа орчинд ажиллах явцад хальтиргаа гулгаа үүсч, осол аваар гарч болзошгүй тул иргэд болгоомжтой, сонор сэрэмжтэй байна уу. Яаралтай үед ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464 дугаарт холбогдоно уу гэжээ.