Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдаа удахгүй нээгдэж байна. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал "Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй" гэлээ.
ХҮНСНИЙ НОГООНЫ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Харин НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар " ХХААХҮ болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгаа. Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу олны хэлдгээр ченжийн гар дамжихгүйгээр шууд тариаланчаас иргэдийн гарт хүрэх боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар УБЗАА-наас тогтоосон дээрх 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа.