Улаанбаатар хотын баруун талын хамгийн алслагдсан газар бол Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо буюу Эмээлт өртөө. Өдгөө Эмээлт өртөөнд сургуулийн насны 100 гаруй хүүхэд, цэцэрлэгийн 200 орчим хүүхэд амьдарч байна. Эмээлтийн хүүхдүүдийн мөрөөдөл нь ердөө л гэрийнхээ ойролцоо сургуультай болох. Гэтэл Сонгинохайрхан дүүргийг төлөөлж УИХ-д суусан гишүүд, ИХТ нар алслагдсан хорооны хүүхдүүдийг сургуультай болгох талаар огтхон ч санаа тавьсангүй өнөөдрийг хүрчээ.
Цэцэрлэг сургуулийн асуудал энэ намрын халуун сэдэв болж, хүүхэд бүрийг сургуультай, цэцэрлэгтэй байлгана гэсэн МАН-ын попрол Эмээлтийн хүүхдүүдийг тойрч өнгөрлөө. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд шинэ сургууль барих шавыг хэдэн жилийн өмнө тавьжээ. Тухайн жилдээ барилгын ажил ч эрчимтэй урагшилж. Гэвч төсөв санхүү, халдварт өвчин гэх зэрэг элдэв шалтаг гарч ирсээр барилгын ажил зогсож, удаан хугацаанд нар салхинд идэгдсэн барилгын суурь хагарч цуурсан тухай мэдээллийг Эмээлтийн оршин суугчид өглөө. Бид тус хорооны хэсгийн ахлагч С.Уянгатай уулзсан юм. Тэрбээр “Шинэ барьж байгаа сургууль бол 640 хүүхдийн багтаамжтай. Барилгын ажил нь 2018 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Тухайн ондоо барилгын ажил эрчимтэй өрнөсөн. Гэхдээ бас нэг асуудал бий. Эмээлтийнхээ төв хэсгээс байршил нь зайтай. Манай хороо мах бэлтгэлийн хэсэг болохоор орчны бохирдол ихтэй. Энэ сургуулийн цаахна талд хаягдал булдаг жалга бий. Газрыг нь хэн сонгосныг би хэлж мэдэхгүй байна. Сургууль барьж эхлэхэд иргэдийн суурьшил нэмэгдсэн. Гэвч барилгын ажил нь зогссоноос хойш иргэд хот руу нүүж байна.
Сургуулийн барилга шинээрээ суурь нь хагарч хананд нь цууралт үүссэн учраас барилгыг актлахаас өөр аргагүй гэж албаны хүмүүс хэлж байгаа. Эндэхийн оршин суугчид бидэнд маш харамсалтай байна. Манай хорооны хүүхдүүд барагцаагаар 30 гаруй километр автобусаар явж “Энхжин” худалдааны төвийн замын урд байрлах 19 дүгээр сургуульд сурдаг. Өвөл хүүхэд сургуульд зөөнө гэдэг амаргүй. Нэг айлаас хоёр хүүхэд явдаг байлаа гэхэд бид мэтийн хүмүүс хүүхдүүдээ хичээл тартал хүлээж бүтэн өдрийн ажлаа алддаг. Уг эхний санхүүжилт нь шийдэгдээд барилга овоо барьж байтал бараа материалын үнэ өссөн гэсэн шалтгаанаар зогссон юм билээ. Энэ жил сургуулийн барилгыг барьж дуусгах төсөв 316 сая төгрөг тодотголоор тусгасан гэсэн. Гэтэл барилгын компанийнхан энэ мөнгө яагаад ч хүрэхгүй бидэнд дахиад 500 сая төгрөг хэрэгтэй гэсэн тайлбар тавиад ажлаа хийдэггүй. Сургуулийн барилгын ажлыг “Фүжи Алтай” гэж компани барьж байгаа юм. Захирал Гэрэлт-Од нь санхүүжилт байхгүй гээд бидний санал хүсэлтийг хүлээж авдаггүй. Сургууль нь баригдаж эхлээд ашиглалтад оролгүй таван жил боллоо. Зам тавина гээд дөрвөн жил боллоо. Ямар ч бүтээн байгуулалт өрнөсөн юм алга” гэж ярилаа.
Хүй долоон худагт амьдардаг айлуудын хүүхдүүд 61-ын гарам руу явж сурдаг ч багш нар нь ирэх жил та нарыг манай сургууль хүлээж авах боломж алга. Эмээлтийнхээ шинэ сургууль руу яваарай гэж сануулсан талаар эцэг, эхчүүд нь ярьж байлаа.
Эмээлтийн хүүхдүүд энэ жил дахиад л 30 гаруй километр газар явж сургуульд сурдаг хэвээрээ байх нь. Өглөө гурван автобус цагаар явдаг ч хүрэлцдэггүй. Хүүхдүүд өглөө 6:00 цагт босож хичээлдээ явдаг аж.
Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ “Энэ жил сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа” гэсэн тайлбар хэлсэн хэдий ч амьдрал дээр шийдэгдсэн зүйл огт алга.