Хичээлийн шинэ жил эхлэхэд гурван хоног үлдээд буй. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэсэн зорилт тавиад буй Засгийн бодлогын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт гурван цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулж байгаа гэнэ. Төрийн өмчийн 61 цэцэрлэг дээрээ нэмэхээр гэртээ цоожлогдон үлддэг байсан багачуудын багахан хэсэг нь үеийн жаалуудтайгаа өдрийг тухтай, хөгжилтэй өнгөрүүлэх нь.
Гэхдээ асуудал бий. Цаана нь үлдэж буй багачуудыг хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгаас тодруулахад “2022-2023 оны хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар шинээр найман цэцэрлэг, таван өргөтгөлийн барилга баригдаж байгаа юм. Энэхүү цэцэрлэгүүдийн барилга угсралтын ажил дууссанаар дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хэд дахин нэмэгдэх боломжтой. СХД-ийн ЗДТГ-ын зүгээс энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамрагдалтыг бүрэн хангахаар хувийн, түрээсийн, худалдан авах цэцэрлэг, Цомцог гэр, Монгол гэр, бүлэг нэмэх хэлбэрээр хуваарилалт хийн зохион байгуулалт хийж ажиллаж байна” гэлээ.
Ямартай ч, хүүхэд бүрийг цэцэрлэгийн боловсрол эзэмшүүлэх бодлогын хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг шинээр барьж байгаа ч, өсөн нэмэгдэж буй шилжилт хөдөлгөөний хурдыг гүйцэхгүй гэдэг нь тодорхой. Цаашдаа орон нутгийн шилжилтээ дагаж хот, дүүргээ төлөвлөдөг бус төлөвлөлттэй хотдоо хүнээ шилжүүлэн авдаг тогтолцоо хэрэгтэй байгааг дүүргийн зарим удирдлага ярих болсон.