Өнөөдөр "Эх хэлний өдөр" тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оноос 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Энэ өдөр Монгол Улсын нийт ард, иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд эх хэлээрээ бахархах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай. Эх хэлний өдөр эрдмийн баяртай давхцаж буй ч хүн бүр үндэснийхээ хэлийг түгээн дэлгэрүүлэхэд санаа тавих ёстой гэж Хэл зохиолын хүрээлэнгийнхэн хэлж байна.
Дэлхий дахинд хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж, түүнийг даган тухайн үндэстний түүх, соёл, сэтгэлгээ, зан заншил, оюуны өв устаж үгүй болж байна.
Дэлхийн хүн ам, угсаатан, тэдгээрийн хэлний талаарх мэдээллийн эх сурвалжуудаас үзэхэд, одоогоор 7100 орчим амьд хэл байгаа бөгөөд үүний 90% нь 100000-аас бага хэлэлцэгчтэй байна. Энэ нь 6390 орчим хэл эрсдэлд орж, үлдсэн 10-хан хувь буюу 710-аад хэл аюулгүй байна гэсэн үг юм.