Мод , цэцэг гэдэг байгалийн гоо үзэсгэлэн аж. Үзэж сонирхсон хүн бүрт ойлгомжтой байдлаар үнэ, онцлогийг нь бичсэн пайзтай үзэсгэлэн худалдаа 32-ын тойрогт гараад хэдэн жил болжээ. “Байнгын” тодотголтой уг модны худалдааг өвлөөс урьтаж хашаа, хорооныхоо мод, сөөгний тоогоо нэмэх гэсэн иргэд зорино.
Учир нь, намрын улиралд есдүгээр сарын 25-наас арваннэгдүгээр сарын 1-ны хооронд мод тарих тохиромжтой үе билээ.
“Төгрөгийн төгөл” ХХК-иас асарт очиход хүн багатай. 32-ын тойргоор хүмүүс лагериа зорьдог болохоор одоо хүн багатай. Ажил, сургууль эхлэхээр мод авах иргэн цөөрдөг юм хэмээн худалдаачин Н угтлаа. Хайлаас өндрөөсөө шалтгаалж 1000-6000 төгрөг, улиас 4000-15000, шинэс 12000, агч гурваараа багцлан бортоглосон 20000 төгрөг гэнэ.Цэцэг голчлон сортлон ургуулдаг тус компанийнх өнгөрсөн жилээс мод тарьж эхэлсэн гэнэ. Тэрээр “Тэрбум модны хөтөлбөр хэрэгжинэ гэж байгаа болохоос хэн хаана, хэдэн ямар сортын мод ургуулж тарих вэ, усжуулалтаа яаж шийдэх вэ гэж нэг ч ярьж байгаа хүн алга. Дотоодын мод үржүүлгийн газраа дэмжихээс илүүтэй гаднаас авна гэсэн хүмүүс байх юм. Томчуудын бизнес байх даа” хэмээн бухимдангуй өгүүлсэн юм.
Харин Сэлэнгийн Шаамар дахь “Газрын өгөөж” модны үржүүлгийн газраасаа авчран худалдаалдаг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Р.Бямбажаргал “ Дээгүүрээ л яриад байхаас бидэнд хүртээлгүй байх аа. Том аж ахуйн нэгжүүд л хамаатай байх даа” хэмээсэн. Түүнийн хувьд сорт, өндрөөсөө хамаарч Сибирь гацуур 45000 төгрөг, нарс 35000, Голт бор 20000, Үхрийн нүд 30000, монос 20000-120000, Тэхийн цээг 20000, шар хуайс 2500-12000, Өрөл 40000, бургас 8000, агч 15000-20000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна.
Зорьж ирж байгаа хүмүүстээ л мод бүрийн арчилгаа, хөрсний талаар сайн мэдээлэл өгч хайрлаж ургуулсан суулгацыг маань сайхан ургуулаасай гэж хүсдэг дээ” хэмээсэн.
-Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт мод шилмүүст модны арчилгаа. Яаж арчлах ёстой вэ?
-Мод яг л хүүхэд шиг. Хүмүүс долоо хоногт 20 литр ус өгдөг ч шарлаад байна гэдэг. Ойн бүсдээ шилмүүст мод ямар хөрсөнд ургадаг вэ. Зөөлөн, чийглэг. Тэгэхээр усалгаа маш чухал байгаа биз. 20 литр ус хөрсний гүнд үндсэнд хангалттай байх уу.
-Ямар бордоо хэрэглэх ёстой вэ?
-Азофос зүгээр. Одоо бордоод хүйтрэхээр ханатал нь услаад орхивол хавар сайхан ургана. Эсхүл хавар бордсон ч болно. Эзний л арчилгаа. Ер нь, хүн уншдаг, судалдаг, эрэлхийлдэг баймаар санагддаг. Одооны хүмүүс уншихгүй, судлахгүй бусдын амаар явчихаад тэгчихлээ, ингэчихлээ гээд ирдэг. Мод амьд шүү дээ. Ургаж л байгаа тэр сайхан байгалийн үзэмжинд эзний сэтгэл их чухал.
-Жимсний мод хэр их борлуулалттай вэ?
-Дажгүй ээ. Нэг үеэ бодвол хүмүүс өрхийнхөө хэрэгцээнд жимс ногоо тариалах хүсэлтэй болж. Монос, Үхрийн нүд их авдаг даа. Өвчлөл ихтэй болсон өнөө үед иргэд хашаандаа мод тарьж хөрс, агаарын бохирдлоо бага атугай шийдэж, үр хүүхдийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийгээсэй л гэж хүсдэг дээ.
Дашрамд, гэр хороолол түлхүү төхнөсөн нийслэлийн иргэн та хашаа хороондоо мод тарьснаар
Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.
- Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.
- Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.
- Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.
- Мод нь хөрс хамгаалдаг гэдгийг уншигч та андахгүй биз ээ.