Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд энтеровирусийн халдвар нэмэгдэж байна гэсэн ташаа мэдээлэл цацагджээ. Энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр" Энтеровирус гэдгийг хүмүүс гар, хөл, амны халдварт өвчин гэдгээр нь түлхүү мэднэ. Эмнэлзүйн шинжийн хувьд олон янзаар илэрдэг. Тухайлбал, халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг түгээмэл илэрнэ. Мөн гар хөлийн арьсаар цэврүүт тууралт гардаг. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д энтеровирус халдвараар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 0-5 насны хүүхдүүд голчлон өвдөж байгаа учраас амьсгалын замаар тархах халдвараас хамгаалж, гар ариутгагч тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэхүү халдвараар өвдөж, хүндэрсэн тохиолдолд заавал эмчийн хяналт нь дор эмчлүүлэх шаардлагатай" гэсэн мэдээлэл өглөө.