Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хөлс төлөлтөд ашиглагдаж буй төлбөр тооцооны U money картыг цэнэглэхдээ бэлэн бусаар буюу банкны картаар төлбөрөө төлөхөд хэрэглэгчээс шимтгэл авч байна гэх гомдлыг иргэдээс ирүүлжээ. Энэ асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас тодруулга авахад U money картыг ямар нэгэн шимтгэлгүйгээр цэнэглэх боломжтой тайлбарыг ирүүлсэн байна хэмээн тус газраас мэдээллээ.
Тус компаниас ирүүлсэн тайлбарт “Үндсэн төхөөрөмжөөр буюу бэлэн мөнгөөр цэнэглүүлэх, “Easy Pay” ХХК-ийн ПОС төхөөрөмжөөр бэлэн мөнгөөр болон банкны картаар цэнэглүүлэх, гар утасны (Hi-Pay) аппликэйшн ашиглан цэнэглэхэд ямар нэгэн шимтгэлгүй, мөн Голомт болон ХААН банктай хамтран төлбөр тооцооны болон нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой хосолсон картыг нэвтрүүлсэн. Тиймээс энэ төрлийн санал, гомдлыг, гаргуулахгүй байх зорилгоор “Улаанбаатар смарт карт” ХХК нь гэрээт цэгүүдтэй байгуулдаг “U мoney карт цэнэглэх борлуулах үйлчилгээний гэрээн”-нд “Гэрээт борлуулагч нь U мoney цахим карт худалдаа, цэнэглэлтийн үйлчилгээг үзүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар тооцоо хийхэд аливаа нэмэлт төлбөр, шимтгэл авахыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулсан" гэжээ.
Иймд иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг цахим картаа дээрх төрлийн үйлчилгээг ашиглаж бэлэн болон бэлэн бусаар ямар нэгэн нэмэлт шимтгэл төлөхгүй цэнэглэх боломжтой. Хэрэв гэрээт борлуулагч цэгээр ямар нэгэн шимтгэл авахыг шаардаж байгаа тохиолдолд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Хэрэглэгчийн төвийн 70151289 утас болон ШӨХТГ-ын “115” тусгай дугаарт хандан асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөлөө.