Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дахин төлөвлөлтөө дэмжсэн Таван шарынхан

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм
Огноо
Унших
5 минут 58 секунд

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. 1961,1962 онд баригдсан эл байшингууд цагийн аясаар өндөр насжилттай барилгын тоонд орж, МХЕГ-аас хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гараад олон жил болсон аж. Байрны подваль бороотойд усанд автаж, энд тэндээс хагарч эхэлсэн тул ийнхүү төлөвлөхөөр болсон нь энэ. Энэ сарын 15-наас барилгыг бүрэн чөлөөлж, нураана хэмээн төлөвлөж байсан ч, зарим айл нүүгээгүй гэсэн мэдээллийн дагуу тус байрыг зорилоо.

Манай сурвалжлах багийг очиход дахин төлөвлөлтөд хамрагдах 5 байрны оршин суугчид байраа чөлөөлөн нүүж, 2,3 айл үлдсэн бололтой. Нүүж байгаа байрны оршин суугчдаас тодруулахад “Ажил төрлөө зохицуулах, амьдрах байраа хайсаар байгаад өнөөдөр л нүүж байна. Өнөөдөр хашаалж, нураана гэсэн болохоор амжиж нүүж байна. Манайх 35 мкв гал тогтоо тусдаа хоёр өрөө. Хэмжилт хийгээд жоохон ахиу мкв хоёр өрөөгөөр сольж байгаа” гэв.

Харин 3 дугаар байрны оршин суугч Б.Долгорсүрэн “Манайх бол анхнаасаа дэмжсэн. Энэ байр 60 гаруй жил болж байгаа. Хүн амьдрах аргагүй л болж байна. Бороо орсон үед энэ хавиар нуур намаг үүсч, хүн байтугай машин явахын эцэсгүй. Байрны доод давхар усанд автаж, үнэр танар үнэртээд байхын аргагүй. Байр энд тэндээ хагаралтай. Барилгын компанийн мэргэжилтнүүд ирж уулзаагүй байгаа” гэв.

Улаанбаатар хотын захын дүүрэгт дахин төлөвлөлтийн жишиг хороолол болох уг барилгын гүйцэтгэгч “Хур Алтай Өргөө” компанийн төслийн зохицуулагч Б.Баттуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дахин төлөвлөлтөд хамрагдахаар төлөвлөгдсөн байрны оршин суугчид дэмжиж байна. Эхэлж аль байрнаасаа төлөвлөлт эхлэх вэ?

-2016 оноос эхлэн тус байруудыг дахин төлөвлөх шийдвэр гарч 10 гаруй удаа төсөлд оролцогч сонгон шалгаруулах тендер зарласан боловч оролцогчгүйн улмаас удаа дараа хойшилж ирсэн юм билээ. Ингээд 2022 оны 2 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн тус төслийн гүйцэтгэгчээр манай компани шалгарсан.Манай компанийн хувьд оршин суугчидтайгаа ойртохын тулд энд оффис түрээслэн ажиллаж байна. Оршин суугчид ирж уулзан, гэрээгээ хийж эхэлсэн. Гүйцэтгэлийн хувиараа тавдугаар байрны оршин суугчид төслийг дэмжин байраа чөлөөлж өгсөнөөр өнөө маргаашгүй ажил эхэлнэ.

-Оршин суугчидтай байрны ямар сонголт өгч байгаа вэ. Түрээсийн мөнгийг нь өгч байгаа юу?

-Манайхаас хэмжилт хийж, мкв дагуу хоёр өрөө бол хоёр өрөө, нэг өрөө бол нэгээр гэх мэтээр гэрээ хийсэн оршин суугчидтайгаа. Энэ байр маань ханын зузаанаараа дулаанаа шийддэг дээхнэ үеийнх учраас тэр илүү мкв ч тооцсон байгаа. Аль алиндаа нийцтэй байдлаар шийдэж байна. Түрээсийн тухайд сарын 500мянган төгрөгөөр шийдэж байсан ч, өнөөгийн эдийн засгийн цаг үеийн байдлыг харгалзан 550мянган төгрөг болгосон. Нүүж байгаа айлууд авсан байгаа.

-Байраа чөлөөлөөгүй 2,3 айл үлдсэн гэх юм. Ямар шаардлага тавиад байгаа юм бол ?

-Зах зээлээсээ хэтэрхий үнэ хэлээд байгаа. Бид олон жил энэ байранд амьдарсан оршин суугчдыг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, шийдэж байгаа. Тэр хүмүүсээс асуух байх даа.

-Эхний блок хэзээ ашиглалтад орох вэ?

-Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно.

Эдгээр байрны оршин оршин суугчдын хувьд дахин төлөвлөлтийг дэмжжээ. Дийлэнх айл нүүсэн бөгөөд сүүлийн хэдэн айлууд хашаалахаас өмнө ийнхүү тог, усны өргүй гэсэн бичгээ компанийн холбогдох мэргэжилтэнд өгч, түрээсийн мөнгөө аван нүүж байгаа аж. Нэгэн оршин суугч" Тавдугаар байранд хүнтэй айл байхгүй. Дийлэнх нь нүүсэн, эзгүй. Сүүлийн айлууд өнөөдөр нүүж байна" гэх мэдээллийг нэгэн оршин суугч өгч байсан юм.

Ямартай ч, Улаанбаатар хотын төв цэгээс баруун зүгт 8км, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв замаас 300 м зайд жишиг тогтоох уг бүтээн байгуулалт хотын зах гэдгээрээ одоо болтол гүйцэтгэгчээ олохгүй зогссон олон төсөлд сэргэлт авчирч, иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдэх биз ээ. Төслийн хүрээнд зургаан блок 990 айлын орон сууц, 4 давхар худалдааны үйлчилгээний төв, 100 машины дулаан зогсоол, 350 ил зогсоолыг барих юм. Мөн хүнс өргөн хэрэглээний зах, фитнесс иог, үсчин гоо сайхан, ресторан зоогийн газар, өдөр өнжүүлэх, сургалтын төв зэргийг барихаар төлөвлөсөн аж.

Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө
Иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.