Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны "Содон" хорооллын иргэд шинэ цэцэрлэгийн байр ашиглалтад орохыг хүлээсээр өвөлтэй золгох нь. Тус хороололд "Холч жинчин" компани 400 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг барьжээ. "Холч жинчин" компанийн захирал Г.Отгон хэлэхдээ "Манай цэцэрлэгийн барилгыг төр худалдаж авахаар болсон. Гэвч энэ амлалтандаа хүрэхгүй байна. Би ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байлаа" гэж хэвлэлээр ярьсан. 37 хороонд цэцэрлэгийн насны 1300 хүүхэд байдаг бөгөөд одоогоор 700 гаруй нь цэцэрлэгт хамрагдсан гэсэн мэдээллийг хорооны ажилтан бидэнд өглөө. Шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулчихвал хүүхдийн цэцэрлэгийн хамрагдалт 90 гаруй хувьтай болох аж. Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнгөрсөн зун буюу долдугаар сард "Содон хороолол доторх 400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг худалдан авч хамрагдалтыг 100 хувь болгох шийдвэрт хүрлээ" гэж мэдэгдэж байсан. Гэвч тус цэцэрлэгийг одоогоор худалдаж аваагүй байна. "Содон" хорооллын оршин суугчид "төр худалдаж авах гэтэл барилгын компани нь үнээ нэмсэн сураг байна лээ" гэж байлаа. Төр хувийн хэвшил хоёр зохицож чадаагүй улмаас хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байна.
“Содон“ хорооллын багачууд шинэ цэцэрлэгээ хүлээсээр
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.