"Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэн худалдаа өнөөдөр "Мишээл экспо" төвд нээгдэж байна. Энэхүү үзэсгэлэн яармагийг жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцож байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулах юм. Үзэсгэлэн яармагт дотоодын 30 гаруй компани оролцоно.
Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа. ОХУ-аас мод, модон материалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирж буй бол Беларусаас хөдөө аж ахуй, хүнсний салбар, эм, эмнэлэг, боловсрол, хүнд машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд иржээ.