Ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум мод тарих хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан "тэрбум мод" сан байгуулжээ. Тус сангийн Удирдах зөвлөлийн дарга, МБХ-ны гүйцэтгэх захирал Л.Амар “Нэг төсөлд дээд тал нь 30 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг олгох боломжтой гэж мэдэгдлээ.
Төсөл сонгон шалгаруулах гурван чиглэл бий. Тодруулбал,
- Төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн ногоон байгууламжийн төслүүд. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит цэцэрлэг, ЕБС-ийн гадаа талбайд ногоон байгууламж байгуулах төслүүдэд санхүүжилт олгоно. Төслийн хэрэгжилтийг мэргэжлийн тохижилтын компаниудаар гүйцэтгүүлэх бөгөөд 30 хүртэлх сая төгрөг, 20 хүртэлх төсөлд олгоно.
- Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн төслүүд. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ойжуулах, ойн нөхөн сэргээлт, мод тарих чиглэлийн хамгийн багадаа 3 жилийн туршлагатай, өргөжүүлэх боломжтой төслүүдийг санхүүжүүлнэ. 50-100 сая төгрөг, 10 хүртэлх төсөлд олгоно.
- Олон нийтэд тогтвортой хөгжлийн мэдлэг, экологийн боловсрол олгох төслүүд. Олон нийтийн тогтвортой хөгжлийн мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил, кампанит ажил, контент, медиа, анимейшн, боловсрол сургалтын хөтөлбөр гэх мэт экологийн боловсрол олгохтой холбоотой шинэлэг санал, санаачилгыг санхүүжүүлэх. 5-20 сая төгрөг, 10 хүртэлх төсөлд олгоно.
Төслийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр (17:00 цаг) хүртэл хүлээн авах бөгөөд 2023 оны хоёрдугаар улирал, бүх нийтээр мод тарих үндэсний өдөр төслүүдийн нээлтийг хийх аж. Мөн Төсөл хэрэгжиж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд арчилгаа, үйл ажиллагааны тогтвортой байдлын талаар явцын тайлан ирүүлнэ” гэв.
Төсөлд тавигдах шаардлага:
- Төсөл нь гурван чиглэлийн аль нэгтэй нийцсэн байх;
- Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү удирдамжийн 4-т заасан зорилтот бүлэгт хамаарч байх;
- Төслийн санхүүжилтийн дүн удирдамжийн шаардлагатай нийцсэн байх, шаардлагатай бол хамтын санхүүжилтийг төлөвлөсөн байх (Чиглэл 2-т хамаарна);
- Төсөл хэрэгжүүлэх газар, талбайтай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байх. Төсөл хэрэгжүүлэх газар дахин төлөвлөлтөд ороогүй байх, ойжуулалт хийх, мод тарих нөхцөл, орчин бүрдсэн байх (цэвдэг байхгүй, усалгаа хийх боломжтой байх), цэвэр усны нөөц, тусгай хамгаалалттай газар зэрэг экологийн өндөр ач холбогдолтой бүсүүдэд төсөл хэрэгжүүлэх бол шаардлагатай бүх зөвшөөрөл болон бусад холбогдох арга хэмжээг авч, баталгаажуулсан байх;
- Төслийн үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх (талбайн хэмжээ, модны тоо, амьдралтын хувь);
- Төсөл хэрэгжүүлэх явцад Сангийн хяналт тайлагнал, мэдээллийн шаардлагуудыг мөрдөж ажиллах, бусад төсөл хэрэгжүүлэгчид, олон нийтэд төслийн талаар туршлага, мэдлэгийг хуваалцахад нээлттэй байх;
- Төсөл хэрэгжих гэрээт хугацаа дууссанаас хойш цаашдын арчилгаа, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломж, нөөцтэй байх;
- Өргөдлийн маягт, хавсралтуудыг бүрэн гүйцэд бөглөж, бүрдүүлсэн байх;
- Өмнө нь ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн гурваас дээш жилийн бодит туршлагатай байх (Чиглэл 1, 3-т хамаарахгүй);
- Хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөний зурган мэдээлэл, ландшафтын зураг төслийг хавсаргах (Чиглэл 1, 3-т хамаарахгүй) байна.
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох нэгж, байгууллагууд энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.