Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром Банк” ХК-ийн төлөөлөгчидтэй уулзжээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Оросын Холбооны Улс болон Монгол Улсын хооронд хэрэгжүүлэх эрчим хүч, уул уурхай, зам тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр улсын төлбөр тооцоог хэрэгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж буй. Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ Сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром банк” ХК-ийн үүрэг оролцоо маш том дэмжлэг. Тэр дундаа миний өөрийн ахалж буй Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой барих, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төсөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас бүхий л төсөл хөтөлбөрт хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг онцоллоо.Түүнчлэн эрчим хүчний салбарт Дулааны III цахилгаан станцын өргөтгөл төсөл, Зам тээврийн салбарт Богдхан төмөр зам болон Чойбалсан-Эрээнцав төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх нэн ойрын шаардлага, хэрэгцээ байгааг энэ үеэр уламжилсан юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром Банк” дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.