Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийсэн судалгаагаар 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход төвийн зургаан дүүргийн барилгын нурах магадлал 22-48 хувь, гэр хороололд 81 хувь хүртэл гэж үнэлсэн. Тиймээс газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хүчитгэх замаар үүсч болзошгүй хохирлыг багасгах, бууруулах арга хэмжээ авахыг зөвлөсөн.
2022 он хүртэл нийт 898 барилгад буюу 48 хувьд судалгаа хийн дүгнэлт гаргаж паспортжуулсан. Ажлын үр дүнгээс харахад газар хөдлөлтөд тэсвэртэй 203, бэхэлгээ хийж хүчитгэх шаардлагатай 188, тэсвэргүй 507 барилга байна. Эдгээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй барилгуудад 70 гаруй мянган хүн сурч ажиллаж байна. Дээрх газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилгаас 344 орон сууцны барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ашиглахыг хориглох шийдвэр гарч, Нийслэлийн Засаг даргын 16 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гаргажээ.