Золбин нохой, муур устгах ажлын төлбөрийг 24000 төгрөг болгохоор НИТХ-ын Зөвлөлд танилцуулжээ. Одоогоор 12000 төгрөг байгаа бөгөөд энэ зардал нь тус ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй, устгалын компаниуд алдагдалтай ажиллах болсон байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохой, муур олширч тэднээс үүдэлтэй өвчлөл нэмэгдэх, хүн мал амьтан нохойд хазуулсан тохиолдол гарсаар байгаа аж.
НИТХ-ын 2016 оны 96 дугаар тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 12000 төгрөг байхаар тогтоожээ. Гэвч өнөөдөр нийгмийн байдалтай уялдуулж зардлыг нь нэмэхээр өөр аргагүй болсон байна. Иймд уг ажлын нэгж тарифыг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, дизель түлш, сумны үнийн өсөлттэй уялдуулан тооцоо, судалгааг хийж 24,000 төгрөг болгон шинэчлэн батлуулахаар танилцуулсан байна.
Захирагчийн ажлын алба танилцуулгадаа “2016 оноос хойш дизель түлшний үнэ 2.4 дахин, нэг хайрцаг сумны үнэ тав дахин, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн” гэдгийг тодотгоод үнийн зөрүүг урсгал зардлаас шийдвэрлэн, гүйцэтгэгч байгууллагуудыг түр хугацаанд ажиллуулж байна гэв.