Оросын уран гулгалтын тамирчин Александр Галлямов “Mатч ТВ”-д ярилцлага өгөх үеэрээ Улаанбаатарт болох мөсөн шоунд оролцохоо мэдэгдэж, өөрийн хамтрагч Анастасия Мишинатай хамт монголчуудыг гайхшруулахыг хүсч байгаа гэв.
ОХУ-ын уран гулгагчдын шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Монголд болно. Энэхүү тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина болон Александр Галлямов, Виктория Синицина болон Никита Кацалапов, Евгения Тарасова болон Владимир Морозов, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар оролцоно.
Тэгвэл дээрх тамирчдын талаар товчхон танилцуулъя.
КАМИЛА ВАЛИЕВА
Энэ хүний талаар монголчууд төдийгүй дэлхий нийт эчнээ мэднэ. Өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг. Харамсалтай нь, Бээжингийн олимпийн үеэр допингийн асуудалд хутгалдаж, ганцаарчилсан төрөлд олимпийн аварга болох боломжоо алдчихсан нэгэн. Бусдаараа бол дэлхийн аварга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улс төрийн золиос болж, ДАШТ-д оролцож чадаагүй.
МАРК КОНДРАТЮК
Европын аварга 19 настай залуу авьяастан тэрбээр Монголд ирнэ. Мөн багийн төрөлд олимпийн аварга болсон. Сонирхуулахад, Марк олимпийн мөнгөн медальт Александра Трусоватай үерхдэг гэнэ.
АНАСТАСИЯ МИШИНА БОЛОН АЛЕКСАНДР ГАЛЛЯМОВ
Бээжингийн олимпийн алт, хүрэл медальт хос Мөсөн өргөөг эзэгнэнэ. Тэдний хувьд дэлхий, Европын аваргаар тодорч, ид мандаж явсан ч Орос-Украины дайны улмаас олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан билээ.
ВИКТОРИЯ СИНИЦИНА БОЛОН НИКИТА КАЦАЛАПОВ
Дурлалт, шинэхэн хос Улаанбаатарт мөсөн дээрх бүжгийн гайхамшгийг мэдрүүлнэ. Гэр бүл болоод удаагүй байгаа тэд Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн.
ЕВГЕНИЯ ТАРАСОВА БОЛОН ВЛАДИМИР МОРОЗОВ
Энэ хоёрын хүртсэн медаль, оролцсон тэмцээн, туулсан түүхийг нь яриад бичээд байвал дуусахгүй. Хоёр олимп, гурван ДАШТ, долоон Европын аваргаас медальтай гэхээр ямар чансаатай тамирчид вэ гэдэг нь харагдана.
ЕЛИЗАВЕТА ТУКТАМЫШЕВА
Жинхэнэ домог гэвэл түүнийг л нэрлэх биз. Оросын уран гулгалтын ундарга ямар сайн болохыг хүн бүр мэднэ. Бараг жил бүр л нэг тамирчин тодордог, од болдог. Хурдан тодорсон шигээ хурдан алга болдог. Харин Елизавета арав гаруй жил тодорч, залуу үетэйгээ хамт гялалзсаар өдийг хүртлээ. Үргэлж туслах дүр байсан 26 настай тэрбээр энэ хүртэлх замын туулахдаа ганцхан олимпоос медальгүй. Харин бусад бүхий л тэмцээнээс медаль хүртжээ.
ДМИТРИЙ АЛИЕВ
Өсвөр, залуучууддаа од болсон Дмитрий 2020 онд улсынхаа аваргаар тодорч, залгуулаад Европын аварга болсон залуу. Түүнийг цэрэгт явна гэж нэг хэсэг шуугисан ч Улаанбаатарт ирэхээр болов.
ПЕТР ГУМЕННИК
Санкт Петербургээс гаралтай 21 настай залуу сүүлд Ростелекомын цомоос хүрэл медаль хүртсэнээс гадна залуучуудын ДАШТ-аас хүрэл, залуучуудын Гранд При финалаас мөнгө медалийн эзэн тус тус болжээ.
ЕВГЕНИЙ СЕМЕНЕНКО
Оросын олимпийн найдвар гэгдэж байсан Евгений Семененко олон улсын тэмцээнд оролцолгүй хоёр жил боллоо. Энэ удаад хилийн дээс алхан Улаанбаатарт үзүүлбэрээ үзүүлэх гэж байна.