Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг хянах зорилгоор Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хууль батлагдвал манай улс анх удаа архи, согтууруулах ундааны түүхий эдээс эхлээд үйлдвэрлэх, хэрэглэгчийн гарт очих хүртэл хүнсний үйлдвэрлэл, худалдааны сүлжээний бүх үе шатыг нэгтгэсэн хяналтын цахим системтэй болох юм.
Нэг ёсондоо хууль бус архи үйлдвэрлэх, архитай холбоотой хууль бус аливаа үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр манай улс анх удаа олон улсын стандартад нийцсэн цахим бүртгэлийг бий болгох аж. Тодруулж хэлбэл, архи, согтууруулах ундааг дэлгүүрийн худалдан авалтын касс дээр төлбөрийн хамт давхар уншуулж хянах юм. Манай улсад өнөөдрийн байдлаар спиртийн 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байна.