Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн 74 сургуулийн дотуур байранд ХЭҮК-ийнхон ажиллалаа

Ангилал
Сонгинохайрхан
Огноо
Унших
2 минут 56 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн дотуур байран дахь хүүхдийн унтлагын өрөөнд хяналтын камер байршуулсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Тус хяналт шалгалт нь тус сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах үндсэн зорилготой.

Энэ хүрээнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, цэвэр усаар хангагдах эрх, эмнэлгийн тусламж авах эрх, хүүхдийн хөгжих эрх, хувийн орон зайгаа хамгаалуулах эрх, хяналтын камерын ашиглалт, хүртээмжийн байдал, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт зэргийг шалгалаа.

Ерөнхий боловсролын 74 дүгээр сургууль нь А болон Б дотуур байртай.

А байр нь 1988 онд ашиглалтад орсон. Нийт 80 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 108 охин байрлаж байна.

Харин Б байр нь улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд ашиглалтад орсон. Нийт 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаас 89 хөвгүүн байрлаж байна.

Шалгалтын явцад дотуур байрын нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, дотуур байрны 20 гаруй сурагч, дотуур байрын багш нартай ярилцлага хийлээ.

Хяналтын шалгалтаар охидын А байрын дээвэр эвдэрсэн. Дээврээс дусаалга дусаж нэвчсэний улмаас хананы тоосго нурсан. Чийгшилтээс болж цахилгаан утасны аюулгүй байдал алдагдсан зэрэг хүүхдийн аюулгүй байдал ноцтой зөрчигдөх зөрчил илэрлээ.

Мөн эмийн сан дахь эм, эмийн бүтээгдэхүүний хугацаа дууссан, бүртгэл хөтлөөгүй, хөвгүүдийн өрөөнд камер байршуулсан зэрэг зөрчил илрэв.

Тиймээс шалгалтаар илэрсэн зарим зөрчлийг газар дээр нь залруулах чиглэлийг тус сургуулийн нийгмийн ажилтан болон дотоод хяналт хариуцсан багш, дотуур байрын багш нарт үүрэг чиглэл өгөв.

Шалгалтын дүнг 2023 оны 05 дугаар сарын 15-ны дотор эцэслэж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох талаар холбогдох шийдвэрийг сургуулийн удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, улмаар шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Шалгалтын бүрэлдэхүүнд Комиссын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Болорзул, референт Б.Энхбаяр, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа нар ажиллалаа.

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
 
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.