Соёлын яам, Монголын урчуудын эвлэлийн хороо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар ART WEEK “Дүрслэх урлагийн долоо хоног” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Гурав дахь удаагаа зохиогдож байгаа тус арга хэмжээнд нийт 150 гаруй бүтээлчээс өнөө цагийн Монголын дүрслэх урлагийн өнгө төрхийг тодорхойлж яваа бүтээлчдийн үе үеийн төлөөлөл 43 уран бүтээлчийн ажил сонгогдож олон нийтэд уран бүтээлээ толилуулж буй юм.
Уг үзэсгэлэн нь тавдугаар сарын 24-31-ний хооронд үргэлжлэх бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд зохион байгуулагдаж байна.
Жил бүрийн тавдугаар сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарласан бөгөөд энэ удаагийн ART WEEK үзэсгэлэн нь шинэ залуу үеийнхэнд Монголын дүрслэх урлагийн томоохон уран бүтээлчдийн бүтээлийг танин мэдүүлэх ач холбогдолтой. Мөн үүнээс гадна энэ төрлийн арга хэмжээнүүд нь төрөлх хотоо урлагаар дамжуулан гадна, дотнынхонд сурталчлах, соёлын аялал жуулчлалын нэг хэлбэр болон өргөжих боломжтой том ажил, агуулгын эхлэл билээ.