Утааг бууруулахын тулд гэр хорооллын 5,000 байшин, 15,000 гэрт цахилгаан халаагуур тараана гэж Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ. Гэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараах юм байна. Мөн давхар шаталттай зуухыг судалж байгаа гэдгийг хэлэв. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас баржээ.
Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх юм.
Нийслэлийн ирэх оны төсвийг дараах үндсэн бодлого, чиглэлийг баримталж боловсруулжээ.
- Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.