Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 24 секунд

Хүн бүр л дотроо Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинэчлэгдэж байгаа. Хотын таагүй үнэр арилж байгаа гэсэн итгэл найдвар тээн алхаж буй. Арга ч үгүй юм. Энэ хотын бохирын үнэр үе үе хүмүүсийг тавьгүйтүүлдэг болохоор хэзээ нэгэн өдөр Улаанбаатар бохирын үнэрээсээ сална гэсэн найдлага тээсээр. Сүүлийн жилүүдэд хотын удирдлагууд Төв цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийж байна, удахгүй Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт нийцсэн цэвэрлэх байгууламжтай болно гэсэн чихэнд чимэгтэй үгээр иргэдийг хуурсаар ирлээ. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хүн бүрийг анхаарлыг татаж буй. Тус байгууллагын шинэлчлэл хэрхэн өрнөж буйг сонирхохоор “Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб”-ийнхэн өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. Олны нэрлэж заншсанаар “Өнчин цагаан” гэх байшингийн баруун урдхан талд Төв цэвэрлэх байгууламж өнөөх л янзаараа биднийг угтав. Ээлжийн инженерүүд нь биднийг тосон мэндлээд хурлын танхим руугаа урилаа.

Тус байгууламжийн ахлах инженер Б.Бадамханд бидэнд байгууллагынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр манай байгууллагын ачаалал ихэсдэг. 1963 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хоёр удаа тоног төхөөрөмжөө сайжруулсан хэдий ч ачааллаа дийлэхгүй л байна. Өдөрт 170 мянган шоо метр бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтай манай байгууламж өнөөдөр 250 мянган шоо метр бохир ус хүлээн авч байгаа. Тиймээс манайх ачааллаа дийлэхгүйд хүрч шинэ байгууламж барьж буйг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж буй шинэ байгууламжийг энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор гүйцэтгэлийн ажил 85 хувьтай яваа” гэж ярилаа.

Өдөр 800 килограмм ноосны хаягдал гардаг

Бид эхлээд бохир шүүх нэгдүгээр цехээр орлоо. Бохирын үнэр хамар цоргиж, дотор давчдуулж байсан хэдхэн минутын хугацааг тэсэж гарахаас аргагүй байлаа. Байшингийн голд байрлуулсан төхөөрөмжөөс ноос, ноолуурын хаягдал, ундааны сав гээд элдвийн л хог шүүгдэн гарч жижиг төмөр тэвш рүү унаж харагдав. Мөн баруун хэсэгт байрлах төмөр торонд ариун цэврийн цаас, нойтон сальфетка, даавууны тасархай наалдан барьцалджээ. Торны цаатах цементэн шалан дээр тунарах хоолны шөл, хүнсний ногооны хаягдал зэрэг нь яг л бөөлжис шиг харагдаж дотор муухайруулж байлаа. Энэ бол их хотын ихэмсэг иргэдийн хариуцлагагүй үйлдлийн дүр төрх юм. Гуанз, хоолны газрууд нь үлдэгдэл шавхруугаа бие засах суултуур руугаа асгадаг. Арьс, шир ноос боловсруулах үйлдвэрүүд нь хаягдлаа бохир руу гаа урсгадаг. Орон сууцны иргэд нь суултуур руугаа ариун цэврийн цаас, хүүхдийн живх, шалны алчуур гээд багтаж болох бүхий л хогийг урсгадгаас болоод өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж тамираа тасартал ажиллаж байна. Иргэдийн энэхүү соёлгүй хувиа хичээсэн зан бусдын ажилд ихээхэн төвөг учруулж буйг ухаарах цаг иржээ. Энэ цехээс өдөрт 800 килограмм ноосны хаягдал гарах бол энгийн үзэгдэл гэж инженерүүд ярьсан юм.

Лагаа шатаадаг болчихвол үнэр бүрэн арилах боломжтой

Төв цэвэрлэх байгууламжийн бас нэгэн асуудал нь лаг боловсруулах үйл явц. Хоногт 1000-1200 шоо метр лаг усгүйжүүлэн хатаадаг гэж Б.Бадамханд инженер нэмж танилцууллаа. Тус байгууллагын инженерүүд лагийг хатааж, үнэрийг нь дардаг хэмээн тайлбарлаж буй ч иргэдийг тавьгүйтүүлдэг таагүй үнэр бүрэн гүйцэд дарагдахгүй байгаа нь нууцж биш. Биднийг лаг усгүйжүүлэх цехээр ороход мөнөөх таагүй үнэр улам эхүүн болж дотор давчдуулж байлаа. Лаг усгүйжүүлэх автомат машины эргэн тойронд хоёр залуу хүрз барин тонголзож харагдав. Ингэж усгүйжүүлэн чийгшилтэй болгосон лагийг хатаах карт руу тээвэрлэж аваачдаг гэж ээлжийн инженер Б.Гантуяа хэллээ. Лагийг 5-6 цаг хатаадаг байсныг богиносгож хоёр цаг болгожээ. Гэхдээ дэлхий дахины жишигт хүртэл боловсруулах болоогүй байгааг ч тэд хэлж байв. Япон гэхэд лагийг бүрэн боловсруулж жижиг бөмбөлөг хэлбэрт оруулаад замын хавтан хийхэд ашигладаг байна. Мөн зарим өндөр хөгжилтэй орон лагийг бүрэн шатааж үнс болгоод барилгын материал хийхэд ашиглаж байгаа талаар ч олон талын судалгаа бий гэж Б.Гантуяа инженер сонирхуулж байсан. Манай улс лагийг шатааж бүрэн боловсруулдаг болтол дахиад хэдэн жилийн нүүрийг үзэх бололтой. Учир нь лаг шатааж боловсруулах технологи нэвтрүүлэх тухай ярьдаг хэдий ч ажил хэрэг болтлоо удах нь тодорхой болжээ. Энэхүү лаг шатаах технологийг нэвтрүүлэх техник эдийн засгийг үндэслэлийг гаргах ажил өнөөдөр ердөө яриа хэлэлцээр төдий л байгаа аж. Лаг шатааж боловсруулах ажил биелэлээ олтолоо дор хаяж л 2030 он хүргэх юм байна. Тэгэхээр лагийг бүрэн шатааж боловсруулах хүртэл Төв цэвэрлэхийн таагүй үнэр үе үе та биднийг тухгүйтүүлсээр байх нь ээ.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар зудын нөхцөл байдалтай холбогдуулан малын тэжээлийн багц хандивлажээ
Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар зудын нөхцөл байдалтай холбогдуулан малын тэжээлийн багц хандивлажээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.