Монгол улсад орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Одоогоос 100 жилийн өмнө, 1924 оны 04 сарын 5-нд Халхын дөрвөн аймаг, шавиас зарлан дуудаж ирүүлсэн 18-30 насны 60 залуучуудаас бүрдсэн “Нам, улсын Түр сургууль ”-ийн үүдийг нээж анхны хичээлээ эхэлж байжээ. Энэ өдрийг Удирдлагын академи өөрийн сургууль дээрээ гурван үеийн уулзалтаар тэмдэглэлээ. Яг нэг жилийн дараа түр сургуулийг байнгын болгох шийдвэр гаргаж, Богд хааны зуны Хайстай ордон буюу одоогийн Удирдлагын Академи байрлаж буй газарт МАХН-ын төв хорооны дэргэдэх “Намын төв сургууль“-ийг нээсэн байна.
Анхдугаар Төв сургуульд Монгол улсын аймаг, хошууд болон Тагна Урианхай, Баргаас хүрэлцэн ирсэн 130 залуус суралцсан гэж одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн түүхийн хуудсанд бичсэн байна.
Удирдлагын академийн нэрийг өнгөрсөн 100 жилийн түүхэнд нийт 12 удаа өөрчилж байжээ. Тухайн үеийнхээ нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэ өөрчлөлтүүдийг хийж байсан гэж Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг танилцуулгадаа онцоллоо.
Удирдлагын академи эхний 40-өөд жилд төрийн албан хаагчаа сурган хөгжүүлэх хэлбэрээ тогтоосон бол дараагийн 30-аад жилд “Намын дээд сургууль” нэртэйгээр намын боловсон хүчнээс гадна улс орныг удирдах аж ахуй, эдийн засгийн боловсон хүчнийг бэлтгэж байсан. Харин сүүлийн 30-аад жилд олон улстай хөл нийлүүлэхэд чиглэж хөгжиж ирсэн тухай академийн үе үеийн эрдэмтэн багш нар дурсан ярилаа. Тэд төрийн албан хаагчийг бэлтгэх үйлийг “Улсаа урлах” гэж нэрлэж байна.
Өнөөдөр Удирдлагын академи Төрийн албаны тухай хуульд зааснаар Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллагын статустай ажиллаж байна. Шинэ тогтолцоогоор 2019 онд 3500 төрийн албаны хаагчийг сургасан бол 2020 онд 6400-д хүрчээ. “Дөрвөн жилийн хугацаанд 46 000 орчим хүнийг сургах үүрэгтэй байжээ. Манай багийнхан боломжуудыг эрэлхийлж хичээсний дүнд 2023 оны дүнгээр тав дахин их буюу 226 000 албан хаагчийг сургалаа. Нэг жилийн дотор 96 000 хүнийг бүх төрлийн сургалтад хамруулсан. Удирдлагын академид ийм боломж бүрдлээ” гэж Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг яриандаа онцоллоо.
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАН ДАРГА ЖАРГАЛ:
100 жилийн түүхэнд Удирдлагын академийн эрдэмтэн судлаачид, багш нар төрийн бодлого шийдвэр гаргалт, хууль тогтоомжийг боловсруулах ажилд идэвхтэй оролцож ирлээ. Монгол Улсын урт, дунд, хугацааны бодлогын баримт бичгүүдийг академийн сургуулийн багш нарын оролцоотой боловсруулж ирсэн. Миний хувьд, бид төрийн албан хаагчдыг сургах, төрийн бодлого шийдвэрт үгээ хүргэн оролцож байгаадаа баяртай байдаг.
Удирдлагын академи төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
Өнөөдөр цаг үеэ дагаад уламжлалт хандлага, соёл өөрчлөгдөж байна. Удирдлагын академи төрийн албаны олон төрлийн сургалтыг зохион байгуулдаг. Түүний нэг нь шинээр төрийн албанд орсон залуу албан хаагчдыг чиглүүлэх сургалт. Өнөөдрийн энэ нээлтэд оролцсон залуу үеийн төлөөлөл гэхэд төрийн албан хаагчаар ажиллаж эхэлж байгаа гучаас доош насны залуус байсныг анзаарсан байх. Тиймээс Удирдлагын академид зөвхөн албан тушаалтан, удирдах албаныхан сурна гэдэг ойлголт буруу, өөрчлөгдсөн.
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЭРХЗҮЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР А.АЛТАНЗУЛ
Удирдлагын академи бол үе үеийн төрийн албан хаагчдыг бэлтгэж ирсэн одоо ч бэлдсээр байгаа суурь гол байгууллага. Тэр дундаа салбар бүрт ажиллаж байгаа төрийн албан хаагчид, удирдах түвшний мэргэжилтнүүдийн хууль эрхзүйн мэдлэгийг тэлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад чиглэсэн мэргэшүүлэх сургалт, мэдлэг ур чадварыг эзэмшүүлдэг. Бид байгууллагынхаа түүхт 100 жилийн ойн хүрээнд төрийн албан хаагчдын хуулийн хэрэглээний хэрэгжилтийг хангахад чиглэсэн мэдлэг түгээх ажил дээр түлхүү анхаарч ажиллаж байна.
Хууль бүтээх ажилтай холбоотой өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ч гаргахаар төлөвлөсөн. Цаашдаа Монгол улсын төрийн албан хаагчдыг шударга, тэгш, өндөр ёс суртахуунтай албан хаагч болоход нь түлхэц болох чухал бодлогын асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллах зорилго тавьж байгаа. Хууль бүтээх, хуулийг хэрэгжүүлэх үйл явцад төрийн албан хаагчдын хууль хэрэглээний чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
“Хуульд үндэслэж шийдвэр гаргахгүй бол алдаатай шийдвэр гардаг. Алдаатай шийдвэрийн үр дүнд нийтийн эрх ашиг хохирдог. Тэгэхээр төрийн байгууллагуудаас гаргаж байгаа ялангуяа гадагшаа чиглэсэн захиргааны шийдвэрүүдийн хуулийн үндэслэл хэсэг, хэрэгжилтийн үр нөлөөг хангахад манай тэнхим бодлогын түвшинд үйл ажиллагаагаа чиглүүлнэ”
Манай тэнхимд Үндсэн хуулийг батлалцсан, томоохон хууль тогтоомжийн шинэчлэлд гар бие оролцсон эрдэмтэн профессорууд ажиллаж ирсэн. Одоо бид залгамж халаа нь болон ажиллаж байна. Тиймээс Монгол улсын хууль тогтоох түвшинд хамтарч ажиллах, хуулийг бүтээх үйл явцад бодлогоор дэмжин ажиллах чухал байна.
СУРАЛЦАГЧ О.БИЛГҮҮНЗАЯА: Би багш мэргэжилтэй. Одоо Хөрөнгө оруулалт худалдааны газарт н мэргэжилтнээр ажилладаг. Удирдлагын академийн анх томилогдсон албан тушаалтны чиглүүлэх сургалтад цахим, танхимаар хослуулж сураад төгсөж байна.
Төрийн албаны онцлог, үнэт зүйлс, эрх зүйн зохицуулалт, албан хаагчийн ёс зүйн хариуцлага гээд олон талын хичээл үзэж судаллаа. Удирдлагын академид дарга болох гэж байгаа хүмүүс амбицаар сурдаг, эсвэл дарга нар сурдаг гэсэн миний бодлыг эвдсэн. Энд сурсан төрийн албаны ойлголт мэдээллээ мэдлэг болгож ажилдаа нэвтрүүлнэ. Төрийн албан хаагчдаа бэлтгэж байгаа анхан шатны сургалт болж байна. Бидэнд ёс зүйтэй, хүндэтгэлтэй хандаарай, төрийн хэм хэмжээтэй байгаарай гэдгийг зааж сургалаа.
Ер нь хүн тасралтгүй сурч байх ёстой. Тэртусмаа төрийн албан хаагч хөгжлөөсөө хоцрохгүй байнга суралцах үүрэгтэй гэдгийг тус академийн эрдэмтэн багш нар хэлж байлаа.