“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" нийгэмд үйлчлэх ТББ-ын IV чуулган долдугаар сарын 3-5-нд Гадаад харилцааны яаманд болж байна.
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 170 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч буй аж.
Монгол Улсын иргэн хаана ажиллаж, амьдарч буйгаас үл хамаарч тэдгээр иргэдэд төр засгийн бодлого тэгш хүрэх ёстой. Хилийн чанадад байгаа иргэдэд шийдвэрлэх ёстой тулгамдсан олон томоохон асуудал байдаг. Тухайлбал, давхар иргэншлийн асуудал, сонгуульд саналаа өгөх эрхийн асуудал, боловсролын асуудал зэргийг иргэдийн санал хүсэлтийн тусламжтайгаар шийдвэрлэж, төрийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх, хүргэх чухал ач холбогдолтой юм. Тус чуулганд гадаадад ажиллаж, амьдардаг 200 гаруй иргэн оролцож байна. Зарим нь өөрсдийн цаг заваас болж ирж амжихгүй учраас цахимаар оролцох боломжийг мөн хангажээ. Энэ үеэр гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, "Өнгөрсөн долоо хоногт гаргасан засгийн газар, хилийн чанадад өөрийн хүсэл эрмэлзэл, авьяас, эрдэм мэдлэгээ дэлхийн олон улсад амжилттай сурталчилж байгаа иргэн болон байгууллагуудыг шагнах шийдвэр гаргасан. Энэ жил “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнана. Цаашид салбар харгалзахгүй жил бүр тодорхой тооны хүнийг шагнах шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна" гэлээ.